Эрүүл хүнстэй холбоотой хүүхэд, залуусын санаа бодлыг урлагаар илэрхийлсэн үзэсгэлэн гарчээ

Монголд сургуулиуд 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд халуун хоолоор хангаж байгаа ч энэ нь шаардлагатай калорийн хэмжээнээс 50%-иас багахан хувийг хангаж байна. 6-12 дугаар ангийн сурагчид сургуулийн хоолоор хангагдах боломжгүй хэвээр байна.

Монголд жимс, хүнсний ногооны хэрэглээ бага байгаа бөгөөд хүүхдүүдийн 80% нь шаардлагатай хэмжээгээр хэрэглэхгүй байна. Монголд шинэхэн жимс, хүнсний ногооны үнэ дэлхийн дунджаас 2-3 дахин өндөр байна.

Үүний үр дүнд хүүхэд, залуучуудын бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэнд хамгийн ихээр хохирч байна:

  • Хүүхдүүдийн дунд илүүдэл жин, таргалалт хурдтай нэмэгдэж байна. 13-17 насны сургуулийн хүүхдүүдийн дунд илүүдэл жин, таргалалтын тархалт 2013 онд 10.1% байсан бол 2023 онд 14.6% болж нэмэгдсэн. Энэ нь ДЭМБ-ын ангиллаар “өндөр” тархалт гэж үздэг.
  • Монголын бүх насны бүлгийн хүмүүс, түүний дотор хүүхдүүдийн дунд витамин D болон эрдэс бодисын дутагдал түгээмэл байна.

Хүүхдийн дунд өсөн нэмэгдэж буй таргалалтын түвшинг бууруулах, хүүхдэд эрүүл, шим тэжээллэг хүнсний орчинг бүрдүүлэх зорилготой “FIX MY FOOD” өсвөр үеийнхэн рүү чиглэсэн хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас Зүүн Ази, Номхон далайн бүсийн 8 улс оронд өрнүүлж байгаа юм. Тус хөтөлбөр Монгол Улсад мөн хэрэгжиж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд энэ оны турш хүүхэд, залуучууд руу чиглэсэн олон үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын хүүхдийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.

“ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ- ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” сэдэвт сургалтыг 21 аймгийн Хүүхдийн зөвлөлийн нийт 83 гишүүдийг хамруулан танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгуулсан. Сургалтад хамрагдсан хүүхдүүд цаашид өөрийн орон нутагт болон сургууль дээрээ “ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ- ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” сэдэвт сургалтыг зохион байгуулж нийт 400 гаруй хүүхдийг хамруулсан.

“FIX MY FOOD” хөтөлбөрийн нөлөөллийн ажлын хүрээнд Монголын урчуудын эвлэлтэй хамтран эрүүл, шим тэжээлт хүнсний хүртээмжийг сайжруулах хэрэгцээ,  эрүүл бус хүнсний маркетинг, зар сурталчилгаа хүүхдийн сонголтод хэрхэн нөлөөлдөг талаар хүүхэд, залуус өөрсдийн санаа бодлыг урлагийн бүтээлээр танилцуулах “Эрүүл хүн 1000 хүсэлтэй” үзэсгэлэн нээлтээ хийж байна.

Тус үзэсгэлэнд тавигдсан бүх бүтээлийг хүүхэд залуучууд өөрсдийн ур ухаанаар Монголын тэргүүлэх урчуудын удирдлага дор хийсэн бөгөөд эдгээр бүтээлээр дамжуулан шийдвэр гаргагч нарт эрүүл, аюулгүй хүнсний орчинг бүрдүүлэхийг уриалж буй чухал ажил болж байгаа юм.

“Монголын хүүхэд, залуучууд эрүүл бус хоол хүнсээр хүрээлэгдэж байна. Үүнээс болж хүүхдүүд өөрийн мэдэлгүй эрүүл бус сонголт хийж байна. Энэ нь тэдний эрүүл мэнд, сэтгэл зүйд хүртэл муугаар нөлөөлж байгаа юм. Энэ нөлөөллийн ажлаар дамжуулан хүүхдүүд Одоо боллоо, энэ бүхнийг өөрчилье гэж уриалж байна. Бид тэднийг сонсох ёстой. Тэдний дуу хоолой хүчтэй, өөрчлөлтийг авчирч чадна гэж итгэж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристэ Коуасси-Комлан нээлтийн үеэр онцлов.

“FIX MY FOOD” хөтөлбөрийн ажлын хүрээнд цаашид Сургуулийн хүнсний орчинд үнэлгээ хийж үр дүнд үндэслэн нөлөөллийн ажил зохион байгуулна. Мөн сургуулийн хүүхдэд эрүүл шимтэй хоол хүнсний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдэд чиглэсэн эрүүл бус хүнсний зар сурталчилгааг хязгаарлах чиглэлээр олон нийт болон шийдвэр гаргагч нарт нөлөөлөх үйл ажиллагаа зохион байгуулна.

Эрүүл хүн 1000 хүсэлтэй үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 10-р сарын 20-27-ны хооронд үргэлжилнэ.

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn