Х.Баттулга, Х.Нямбаатар нар хуурамчаар “өрсөлдөж”, Л.Гантөмөр,Т.Доржханд “хөнжлөөсөө” цухуйсангүй

Монголд эрх мэдэл  цөөн хүний гарт төвлөрч, энэ хэрээр намууд дотоод ардчилалгүй, улстөр-эдийн засгийн бүлэглэлүүдээс  хараат болсон.

Энэ гажуудал сүүлдээ ардчилсан, өрсөлдөөнтэй болох ёстой сонгуулийг  өрсөлдөөнгүй, эсвэл  хуурамчаар өрсөлдөж дүр үзүүлэх  маягаар дампууруулдаг болохыг энэ жилийн УИХ-ын болон орон нутгийн сонгууль харууллаа.

Хамгийн сүүлийн жишээ бол нийслэлийн Иргэдийн хурлын сонгууль. Сонгуулийн үр дүнд нийслэлийн ИТХ-ын 45 мандатын 40-д нь  МАН, тавд нь АН ялалт байгуулав. Сонгуулийн турш Х.Нямбаатар болон түүний талынхан АН-аас нийслэлд дэвшсэн “Женко”-гийн гэх багийг муулж, шүүмжилж байсан ч эцэстээ энэ бүхэн жүжиг байсныг сонгуулийн дараа л нэг юм ойлгов.

АН уг нь Л.Гантөмөр гэдэг даргатай, нийслэлд хамгийн их ажилладаг ХҮН нам бас Т.Доржханд гэдэг даргатай. Зүй ёсоороо бол сөрөг хүчин хийж байх ёстой тэд өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн засгийн өвөрт шургаад намаа мартжээ.Орон нутгийн сонгуулиар огт ажилласангүй, ам ч ангайсангүй. “Хэнд эрх мэдэл байна, түүнд хилэнц буй” гэдэгчлэн өнөөдрийн Монголын ардчилалд Лу.Гантөмөр, Т.Доржханд хоёр шиг хор хүргэж,  хилэнц хурааж буй хүмүүс байхгүй боллоо.

Уг нь бол сөрөг хүчнээ хийгээд, Ардын намын 10 шахам жилийн дарангуйлал, дампуурлыг сөрөн зогсох ёстой байлаа. Харамсалтай нь эрх мэдэл, их мөнгөний зарцуулалтдаа  бялуураад орон нутгийн сонгуулиар зүгээр бууж өгөв.

Энэ янзаараа бол яваандаа Монгол Хятад шиг нэг намтай, бусад нь дагуул нам болох зам руугаа явж байх шиг.

Сая орон нутгийн сонгуулиар нийслэлийн МАН-ын дарга, хотын дарга Х.Нямбаатар хаа сайгүй явж, “Женко”-чдыг муулж, нөгөөдүүл нь ч боржур мэтхэнээр лайвдаж, хэрэндээ шуугиан дэгдээж, сонгуулийг өрсөлдөөнтэй болгож буй мэт жүжив.

Хэрэв жинхэнэ өрсөлдөөн болж байсан бол яагаад сонгуулийн дараа нэг ч маргаан болохгүй байна вэ? Сонгогдсон 45 төлөөлөгч бүгдээрээ цэвэр, шударга өрсөлдөөд ялчихсан хэрэг үү? Яагаад мөнгө тараасан, бохир сурталчилгаа хийсэн, эсвэл насанд хүрээгүй хүүхдүүдийг сонгуульд ашигласан гэх зэрэг маргаан гарахгүй байгаа юм бэ?

Сонгуулийн дараа өрсөлдөгч талууд нэг ч маргаан гаргасангүй, бие биеэ нэг ч шүүмжилсэнгүй. Лайвчинаараа хамгийн их дуудуулсан лайвчин Отгонтөгс хүртэл Х.Нямбаатарын нэрийг дуудахаас цээрлэдэг болсон бололтой. Ерөнхийлөн бөөрөнхийлсөн хэдэн пост.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгч хийж байгаад гэнэт л улстөрд орж ирсэн Д.Батханд харин сонгуулийн дараа нэг пост оруулсан нь МАН-ын Х.Нямбаатарыг магтсан маягтай, харин намын дарга Л.Гантөмөрөө “зайлуулна” гэсэн үгс бичжээ.

Яагаад МАН-ын Х.Нямбаатар, АН-ын Х.Баттулга нар хуйвалдаж, сонгуульд өрсөлдөж буй мэтээр жүжиглэсэн бэ гэдэг хоёрхон шалтгааныг дахин хэлж өгье.

  • Нэгт), МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, түүний үеэл гэгдэх Х.Нямбаатар нар 2017 оноос хойш “Женко” Х.Баттулгатай хамтарч, эрх мэдлийн өрөгөө өрж яваа.

Энэ удаагийн хамтарсан Засгийн газар, АН-ын дарга Лу.Гантөмөр Тэргүүн шадар сайд хийж яваа нь хүртэл энэ гурван хүний шийдвэр. Тэгээд яахав барьцаалагдсан Л.Гантөмөрийг “Орон нутгийн сонгуульд битгий оролцоо” гээд Х.Баттулга хэлчихнэ. Тэр үгээр нь явна, дараа нь гэхдээ муулуулна.Үүнээс цааш Лу.Гантөмөр Тэргүүн шадар сайдын суудал дээрээ нэг жил тэсвэл их юм. Тэгээд л “томчуудын” тоглоомоор улстөрөөс явах болов уу. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар яалт ч гүй Лу.Гантөмөр шиг дав дэв хийгээд байдаггүй нэг лидерээ даргын дүрд тоглуулах хэрэгтэй байсан.

Х.Баттулгынхан түүнийг УИХ-ын сонгуулиас эхлээд л Л.Оюун-Эрдэнийнхэнтэй нийлж муулж, гутаасан. Энэ удаа орон нутгийн сонгуулийн дараа ч нийлээд л муулав. Учир нь Лу.Гантөмөрийг удаа дараа муулах тусам, түүнийг зайлуулаад, өөрсдөө суудалд нь суухад амархан.

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, “Женко” Х.Баттулга нарын улстөрийн хамтрал магадгүй үүрд үргэлжилнэ. Ганцхан сонгуулиар бутраад уначих хэврэг эрх ашиг биш. Хэрвээ Монгол буцаад ардчилсан улс болохгүй бол шүү дээ.

  • Хоёрт), Сонгууль болж байхад хүмүүст өрсөлдөөнтэй харагдах хэрэгтэй шүү дээ. Тиймээс нийслэлийн АН-аас Х.Баттулга хэзээ ч АН-д  байгаагүй лайвчид гэх мэт хүмүүсийг олноор нь нэр дэвшүүлсэн. Хэрэв Лу.Гантөмөр болон бусад улстөрчид нь бууж ирээд өөр хүмүүсийг нэр дэвшүүлбэл жинхэнэ өрсөлдөөн явагдана,үгүйдээ сонгуулийн дараа маргаан гарна. Эвгүйдвэл Х.Нямбаатарын баг ялагдаж мэднэ.

ХҮН намын тухайд хэдэн суудал авахыг нэр дэвшсэн хүмүүс нь зорьсон л байх. Гэхдээ бас л засгийн хөнжилд орсон Т.Доржханд нь огт оролцсонгүй, намынхаа төлөө нэг үг ганхийсэнгүй. Ийм аймаар юм байдаг аа гэдэг шиг ийм намын дарга бас байдаг аа.  Их эрх мэдэлтэй суудалд эрх баригч нам нь сөрөг хүчнээ суулгахыг улстөрийн наймаа, улстөрийн авлигал гэдэг.

Цаашдаа тэгээд яахав гэж үү? Энэ Засгийн газар, нийслэл ирэх дөрвөн жилд түүхэнд байгаагүй их мөнгө зарцуулж, улс, нийслэлээ хөгжүүлэхээр төлөвлөсөн.

Нийслэлд гэхэд л 30 их наядыг зарцуулна. Тэр их мөнгийг Х.Нямбаатарын баг гэгдэх 40 Иргэдийн хурлын төлөөлөгч батална.Нийслэлийн өмчит нэг, нэг компани, байгууллагын дарга болж аваад баталсан төсвөө бас зарцуулна.

Улстөрийн хамтрагчид юм хойно, ялагдсан ч гэсэн Х.Батттулгын хүмүүс бас хувь хүртэх байх.

Товчхондоо Монголын улстөр, эрх мэдлийн төлөө маш цөөхөн хүмүүс далд хуйвалдааны замаар худлаа жүжиг тавьдаг болсныг Нийслэлийн Иргэдийн хурлын сонгууль ил тодорхой харууллаа.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn