Ч.Ганхуяг хүн зодсон хэргээсээ мултрах гэж элдвийг хийсэн ч эцэстээ үнэн ялжээ.Гэхдээ…

“Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн хүн зодсон хэрэгт шүүхээс 1 нэг сая 350 мянган төгрөгийн торгох ял оногдуулжээ. Уг хэргийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэмээн ийн шийджээ.
Уг хэрэг явддлын мэдээ өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар тархаж, хүмүүсийн бичсэн сэтгэгдэлүүд ерөнхийдөө шүүх мөнгөтэй хүнд үйлчиллээ гэх хандлагатай байна.

Бараг хоёр жил шахам сунжирсны эцэст шийдэгдэж буй уг хэрэгт “Ардын” Ч.Ганхуяг нөлөөлсөн байх магадлалтай гэж хардаж болохоор үйл явдлууд өнгөрсөн хугацаанд өрнөжээ.

Шүүхээс мөн Ч.Ганхуягийн хүргэн дүү Б.Золбоог 4 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан байна.

Уг хэрэг 2022 оны арванхоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө Хүүхдийн 100-д байрлах нэгэн бааранд болжээ. Isee.mn сайтад  ЭНД  хохирогч эмэгтэй С-ийн ярьснаар бол Ч.Ганхуяг нар нийслэлийн прокурорт нөлөөлж, уг хэргийг шүүхэд шилжүүлэхгүй удааж, ял завших гэж байгаа тухай ярьж байв.
Хохирогчийн мэдээлж байснаар бол Нийслэлийн прокурорын газар шинжээч дахин томилно гэх шалтгаанаар Ч.Ганхуяг, түүний хүргэн дүү Б.Золбоо нарт холбогдох яллах дүгнэлтийг хоёр ч удаа цуцалж байсан байна.
Мөн Ч.Ганхуяг өнгөрсөн 2023 оны есдүгээр сард сошиал хуудсаараа LIVE хийж, өөрийг нь 10 залуу, 10 хүүхэн зодсон мэтээр ярьжээ. Харин тухайн баарны камерийн бичлэгээр Ч.Ганхуяг л хохирогч эмэгтэйг болон түүний нөхрийг зодоод байгаа нь нотлогджээ. Энэ тухай мөн хохирогч эмэгтэй ярьсан байна.
Мөн Ч.Ганхуяг өөрөө хүн зодсоны улмаас хавдсан хуруунуудынхаа үеийг бусдад зодуулсны улмаас гэмтээсэн хэмээн хохирогчийн нэр дээр гомдлууд гаргаж, удаа дараа хуулийн байгууллагад өгч байсан гэнэ.
Өчигдөр болсон шүүх хурлын үеэр ч Ч.Ганхуяг хэн нэгэнд зодуулаагүй, харин өөрөө бусдыг зодсон тул торгуулах ял сонсчээ. Гэхдээ түүнд бага ял оногдууллаа, нэг удаагийн хоолны мөнгөөр нь торгож байгаа нь хуулийн байгууллагууд түүний нөлөөнд орсных хэмээн бичигсэд олон байгаа юм.

Хохирогч С-ийн ярьснаар, шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүний зүүн нүд зөөлөн эдийн гэмтэлтэй, хөхрөлтэй, няцралттай, арьс язарсан, дөрвөн шүд хугарсан гэж гарчээ. Хугарсан шүднүүд нь идээлж, бугласан учраас тэрээр Солонгост очиж хэд хэдэн удаа эмчлүүлсэн гэнэ.

Ч.Ганхуягт зодуулсан хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ч.Мэргэн ажилласан бөгөөд тэрээр  түүний талаар сошиал хуудсандаа бичиж байсан.
Тухайлбал, энэ оны 9-р сарын 3-нд “Хас”-ын гэх “Ч.Ганхуягийн сошиал дахь кино зохиол гээд” ЭНД  бичжээ. 
Хоёр жилийн өмнө Ч.Ганхуягийн дүү гэх залуу хажуудаа байсан эмэгтэйг “Хужирт”-ын шилээр цохиж 4 шүдийг нь хугалж, 2 шүдийг нь гэмтээсэн. Эхнэрээ өмөөрөх гэсэн залууг хамгаалагчид барьж байхад зодсон. Нөхрөө салгах гэхэд нь Ч.Ганхуяг нүүр рүү нь цохисон. Цагдаа ирээд Ч.Ганхуягийг биш хохирогчдийг аваад явсан” хэмээн өмгөөлөгч Ч.Мэргэн бичиж байв.  Мөн Ч.Ганхуяг хохирогчийг биеэ үнэлэгч хэмээн доромжилж, хавтаст хэрэгт байсан хохирогчийн зургуудыг цахим хуудсуудаар тараасан гэнэ.
Ердийн  ийм хэрэг жилийн дотор  шийдэгддэг ч прокуророос элдэв шалтгаан хэлэн шүүх рүү шилжүүлэхгүй байгаа гэжээ.

 

Өнөөдөр буюу шүүх хурал болсны дараа өмгөөлөгч Ч.Мэргэний цахим хуудсандаа бичсэнээр бол Ч.Ганхуяг шүүх хурлын үеэр өөрийгөө гэм буруугүй гэж гүрийсээр байсан гэнэ.
Энэ бүхнээс харахад Ч.Ганхуяг ялаас мултрах гэж 2 жил шахмын хугацаанд элдвийг хийсэн ч эцэстээ үнэн ялжээ. Гэхдээ эмэгтэй хүн зодсон харгис үнэнд шүүхээс хамгийн бага ялыг оногдуулсанд хүмүүс дургүйцэж байна.
Ч.Ганхуяг, Б.Золбоо нар бараг бусдын нэр төрд халдсан, гүтгэсэн, хийсэн хэргээсээ зайлсхийх  зэргээр буруутгагдаж ч  болохоор үнэхээр элдвийг хийжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn