
Энэ сарын 18-19-нд шилжих шөнө нийслэлийн Хүүхдийн 100-д хүнд зодуулсан гэх хэрэг бүртгэгджээ. Уг мэдээллийн мөрөөр шалгалтын ажил явагдаж байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Хүн зодсон тэдгээр залуусыг УИХ-ын гишүүн асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Т, УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай С нарыг хэмээн хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд мансуурсан үедээ бусдыг хэрцгийгээр зодсон гэж @Tserka Erdenee https://www.facebook.com/share/p/16hCfJT7kt/ фэйсбүүктээ мэдээлсэн билээ.
Тэрээр:
УИХ-ын гишүүн Цэрэнпунцагын хүү, Эрэл-ийн Эрдэнэбат нарын хүү нар зэрлэг балмадаар дүүг минь аймшигтаар зодсон хэрэг гарлаа. Мөн эдгээр хүмүүсийн хүүхдүүдээс хар тамхи хэрэглэсэн нь шинэжилгээгээр тогтоогдсон. Хүний хамгийн чухал нүүр, хамар,нүдийг нь хүний ёсноос гажууд балмадаар дэвсэлж, цаашид харж чадах уу дээрээ болтол нь зодож танхайрсан байна. Хэвлэлийн найз нөхөд минь та бүгд сурвалжилж энэ балмад хүмүүс юу ч болоогүй мэт хэргийг хааж зохих шийтгэлээ хүртэлгүй өнгөрөөхгүйн тулд сурвалжилж өгч тусална уу. Эдгээр хүмүүст зохих шийтгэл хариуцлагыг заавал хүлээлгэх болно. Ийм увайгүй балмад хүмүүсийг яагаад ч зүгээр өнгөрөөхгүй. Мөнгө эрх мэдэлтэй хүний хүүхдүүд дураараа зүгээр зогсож буй хүүхдийг ирж зодоод явдаг болж. Хууль батлаад суудаг хүмүүсийн хүүхдүүд хуулиас гадуур өнгөрөнө гэж байхгүй шүү!!!!
хэмээн мэдээлсэн.
Тэд хэргийг Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг, ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд үйлдсэн бололтой. С гэх залууг баарнаас гарч явахад дээрх нэр бүхий гишүүн аснуудын хүүхдүүд агсам тавьж зодсон гэж эх сурвалж мэдээлжээ. Зодуулсан С-гийн гавал, тархины гэмтэлтэй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд, нэг нүд нь юм харахгүй байгаа гэжээ.