Ч.Анар:Үндэсний хиймэл дагуултай болох ёстой,гэхдээ ийм өндөр өртгөөр биш

Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь   “Үндэсний хиймэл дагуулын төсөл”.

2025 оны төсвийн төсөлд Үндэсний хиймэл дагуулын төсөлд шаардагдах нийт 29 их наяд төгрөгийн 15 хувийг суулгаснаа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулсан юм.

Үндэсний хиймэл дагуултай болсноор Монгол орны өнцөг булан бүрт хаана ч өндөр хурдны интернэтэд холбогддог болох юм.

Харинэ энэ төслийн талаар УИХ-ын гишүүн , “Ondo” үүрэн холбооны операторыг үүсгэн байгуулагч Ч.Анар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Үндэсний хиймэл дагуултай болох ёстой,гэхдээ ийм өндөр өртгөөр биш” гэжээ.

Түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэе.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.АНАР: 

Үндэсний хиймэл дагуулын төслийг надаас маш их асууж байна. Би өөрийн дүгнэлтээ энд сийрүүлье.

1) Үндэсний аюулгүй байдлын бодлого талаасаа энэ бол зайлшгүй байх ёстой зүйл. Сансарт буй Монгол улсын орон зай, байршил, Радио давтамжаа эзэмшиж хадгалах, цаашлаад онцгой нөхцөл байдлын үед аливаа улсаас хараат бус, бие даасан харилцаа холбоотой байх чухал ач холбогдолтой.

2) УИХ, Байнгын Хороод болон ҮАБЗ-ийн  алинд нь ч төсөл танилцуулагдахаар ирээгүй байгаа тул одоогоор УИХ дээр төслийн нарийвчилсан мэдээлэл байхгүй байна. Тун удахгүй өргөн баригдахаар нь бид ямар техникийн нөхцөл, ямар зориулалттай зэрэг нарийн мэдээллийг авч хэлэлцэнэ. Тэр үед дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

3) Үндэсний хиймэл дагуул нь байнга Монгол Улсын газар нутаг руу чиглэж байх нь стратегийн ач холбогдолтой хэдий ч өндөр орбитод байрших хиймэл дагуул. Өндөр орбит нь 36000 км хол байршдаг тул орчин үеийн нам орбитын (Старлинк, Куипер, Телесат) 500 км-т байрлах өндөр хурдтай үйлчилгээ үзүүлж буй жижиг хиймэл дагуултай өрсөлдөхөд хэцүү. Бараг боломжгүй.

4) Өндөр орбит өндөр технологи, Нам орбит нам технологи гэж яриад байна. Энэ бол ташаа ойлголт. Харин ч орчин үеийн өргөн зурвасын интернэт, холбооны хиймэл дагуулууд бүгд нам орбитод (жишээ нь СТАРЛИНК) байршиж байгаа, хамгийн овор багатай ч хүчин чадал өндөртэй шинэ үеийн технологи юм.

5) Уг төсөл стратегийн ач холбогдолтой ч одоогийн төслийн өртөг нь эдийн засгийн үр өгөөжгүй, зах зээлийн үнээс хэт өндөр, мөн том уламжлалт хиймэл дагуул байхаар харагдаж байна. Гэвч онцгой чиг үүрэг бүхий үүрэг гүйцэтгэх юм болов уу, яах юм бол мэдээлэлгүй байна.

6) 5G, малчин айл болгонд өндөр хурдны интернэтээр үйлчилнэ, IoT гэх мэт бүгдийг энэ хиймэл дагуул хийнэ гээд байгаа.

Гэвч, дээрх үйлчилгээнүүдийн технологи, байршил, хиймэл дагуулын хийц гээд бүгд зориулалтаасаа хамаараад өөр өөр. Суудлын машин, ачааны машин, автобус, танк, трактор, хово гэдэг шиг. Гэтэл бүх үйлчилгээг үзүүлдэг универсал хиймэл дагуул гээд байдаг Сонирхолтой л юм

7) Үнэхээр технологи, стандартыг нь мэдэхгүй гэж байгаа бол энэ чиглэлийн мэргэжилтнүүдээсээ санал, зөвлөгөө авах шаардлагатай.

Манай Наран станцийхан мэднэ. Хийж үзээгүй дээ биш ямар үйлчилгээ Монголд ямар чадалтайгаар хэрэгтэйгээ, шаардлага, стандарттай нь сайн мэднэ

8) Надтай, үүсгэн байгуулж байсан компанитай маань холбож тайлбарлаад, хардаж сэрдээд байх юм. Гэтэл үнэндээ би энэ төслийн сургийг нь л сонссоноос биш өөр мэдээлэлгүй байгаа. Харьяалах чиг үүргийн Засгийн газрын  гишүүн нь ч биш, 2024-2028 оны Засгийн газрын  үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар батлах үед төслийн нэр, Францтай хийх хэлэлцээрийн үнийн дүн л орж ирсэн, өөр мэдээлэл өгөөгүй.

Үндэсний хиймэл дагуултай болох асуудлыг хувьдаа 100 хувь дэмждэг. Гэвч өртөг нь 2-3 дахин хямд байх бололцоотой гэж үзэж байгаа.

9) УИХ дахь байнгын хороод төсөлтэй танилцсаны дараа мэдээлэлтэй болж байгаад дахин дүгнэлтээ та бүхэнд хүргэе. 2025 оны төсвийг хэлэлцэхэд энэ асуудлыг нухацтай хэлэлцэнэ. Монгол улс үндэсний стратегийн хиймэл дагуултай болох ёстой, гэвч ийм өртгөөр лав биш. Хөнгөлөлттэй зээл гэж байгаа хэдий ч бид үүнийг төсвийн мөнгөөрөө л эргэн төлнө.

10) Эцэст нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжинэ гэж ярьдаг ч одоо үед манай залуус бүрэн хийх боломжтой ажлыг монгол залуустаа бүрэн итгэж хамтран ажиллаж сурахад цаг хугацаа хэрэгтэй бололтой. Залуус ч их хичээх хэрэгтэй юм байна. Эсвэл өөрсдөд нь итгэдэг газартаа ажиллахаас өөр сонголтгүй.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn