Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг бүрэн эхээрээ

Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын 95 дугаар тогтоолд  Ерөнхийлөгч хориг тавилаа. Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав.

 Хоригийг бүрэн эхээр нь толилуулья.

ТОГТООЛД ХОРИГ ТАВИХ ТУХАЙ

Монгол Улсын Их хурлаас  Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталж, тухайн өдрийн 14 цагт ёсчлон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан бичгээр ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд дараах үндэслэлээр бүхэлд нь хориг тавьж байна.

Нэг:

УИХ-ын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байвал зохино.

Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс  доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал  УИХ гурав  хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

УИХ-ын нийт гишүүдийн  олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд  тооцно.

Мөн  УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт УИХ-ын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно хэмээн тус тус заасан.

Дээрх заалт ёсоор УИХ-ын гишүүдийн анх тавьсан санал буюу Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих, эсэхээр УИХ санал хурааж шийдвэрлэх ёстойг Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгажээ.

Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар биш Төрийн байгуулалтын байнгын хорооны  Ерөнхий сайдыг огцруулахыг “дэмжээгүй” гэсэн саналаар санал хураан хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс,, шударга ёс, үндэсний эв нэгдлийг хангаж, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”.

Түүнчлэн Үндсэн хуулийн 70-р зүйлийн нэг дэх хэсэгт Үндсэн хуулийн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино хэмээх заалтыг тус тус зөрчих нөхцөлийг бий болгосон байна.

 Хоёр:

Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна. Монгол Улсын үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно хэмээн тус тус заасан.

Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т

“Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно” хэмээн хуульчилсан байдаг.

 Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Пүрэв гарагийн  9 цагаас эхлэн УИХ-ын гишүүд ирцэд бүртгүүлж эхэлсэн байх боловч 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдааны ирц бүрдээгүй байна. Улмаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу Баасан гарагийн нэгдсэн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр пүрэв гаргийн ирцийг үргэлжлүүлэн тооцож,  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж шийдвэр гаргажээ. Энэ нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно”  гэсэн заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж шийдвэр гаргасан нь Чуулганы дэгийн тухай хуулийг илтэд зөрчсөн болжээ.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Мөн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд  үзэж,  Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ гээд заасныг зөрчсөн хэмээн үзэж байна.

Монголын ард түмний үнэт зүйл хүсэл зоригийн илэрхийлэл болсон Үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл улс орны хөгжил дэвшил, гадаад, дотоод нэр хүнд, төрийн байгууллагын дархлаа, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учруулах аюултайг УИХ-ын эрхэм гишүүд та бүхэнд онцгойлон сануулж байна.

Иймд УИХ-ын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоолд тавьсан энэхүү хоригийг хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn