Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 28 хувийн хувьцааг иргэд эзэмшдэг. Бирж дээр хувьцаа нь арилжаалагдаагүй ч гэсэн энэ бол нээлттэй компани. Энэ компанийг олон улсын менежментээр удирдуулах Засгийн газрын шийдвэр гарлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бүхэлд нь менежментийн шинэчлэлт хийнэ. ЭТТ ХК-ийн удирдлагыг олон улсын менежментээр хэрэгжүүлэх судалгаа, үнэлгээний зөвлөх үйлчилгээг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Судалгаа, үнэлгээний үе шатанд зөвлөх үйлчилгээний компанийн гүйцэтгэх ажил нь хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийх. Мөн одоогийн удирдлагын багийн дутагдалтай тал, цаашид шаардлагатай ур чадварыг тодорхойлох, олон улсын менежментийн багийн хийх ажил, хүрэх үр дүн, тавигдах шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, олон улсын менежтентийн багийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах үе шат болоод хийгдэх ажлуудын тухайд дөрвөн хэсгээс бүрдэнэ.
Нэгдүгээрт, бэлтгэл хангах. Зөвлөх үйлчилгээний зорилтуудыг тодорхойлох, боломжит зөвлөх компаниудыг тодорхойлох. Хоёрдугаар үе шатанд, олон улсын нээлттэй тендер шалгаруулах. Үүнд зөвлөх үйлчилгээний зорилтууд, ажлын даалгавар, тавигдах шалгуур үзүүлэлт, ирүүлсэн материалд үнэлгээ өгнө. Гуравдугаар үе шатанд, үнэлгээ, хэлэлцээ хийх. Зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх санал, ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага, үр дүн. Дөрөвдүгээрт, гэрээ байгуулах. Гэрээний нөхцөлийг тохирч, үнэ хугацаа, хүрэх үр дүн зэрэг. Зөвлөх үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулна.
ЭТТ ХК-ийн 28 хувь нь иргэдийн эзэмшилд байгаа. Бусад хувь нь төрийн эзэмшилд байгаа учир хувь, хувьцаа ямар нэгэн байдлаар шилжих агуулга энэ огт биш. Зөвхөн менежментийн хүрээнд өнөөдөр олж байгаа ашгийг нэмэх, бүтээмжийг өсгөх зорилгоор ийм шийдвэр гаргаж байгаа.
Тэгэхээр өнөөдрөөс илүү үр ашгийг нь иргэд хүртэхийн тулд л бид менежментийн багаар удирдуулах гэж байгаа. Цаашид ЭТТ ХК-ийн томилгоонд улстөрчид оролцохгүй, худалдан авах ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс нөлөөлөхгүй, ил тод хяналттай болно гэсэн үг. Дээрээс нь өмнө нь тус компанид гарч байсан асуудлууд давтагдахгүй. Тухайлбал, Засгийн газрын зүгээс тус компанийн үр ашгаас өөр зүйлсийг санхүүжүүлдэг, өөр арга хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийдэг тохиолдлууд цаашид үүсэхгүй. Нэгэнт засаглал, менежментийг нь сайжруулахаар гэрээ хийж, үр ашгаа тооцоод явж байгаа учир хэн нэгэн хүн үүнд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Бид цаашид иргэдэд энэ талаар мэдээллийг нээлттэй өгөөд явна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдсан.
Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг бол ард түмний өмч байна. Мөн үүний ногдол ашиг үр шимийг дийлэнхийг нь ард түмэн эзэмшинэ гэж заасан. Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлд 2019 онд өөрчлөлт оруулахдаа бид стратегийн орд газруудын ногдол ашиг, үр өгөөжийн дийлэнхийг нь ард түмэн хүртэнэ. Үүнийг Үндэсний баялгийн сангаар дамжуулж хуульчилж өгсөн. Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? гэдэг бол өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт. Үндэсний баялгийн сангийн реформ бол бүхэлдээ үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд л чиглэж байна. Тийм ч учраас Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр өнөөдөр Засгийн газрын тогтоолыг баталж байна. Байгалийн баялаг гэдэг хэн нэгний биш байгалийн бүтээсэн баялаг. Өөрөөр хэлбэл тусгаар тогтнолоос үлдсэн, үр хойчдоо өвлүүлсэн баялаг. Тиймээс байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх ёстой.
Стратегийн орд гэдэг бүхэлдээ үндэсний баялгийн сангийн тухай л ярьж байгаа гэсэн үг. Стратегийн орд гэдэг бол Монгол Улсын дотоод нийт бүтээгдэхүүний нэг жилийн таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу, үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг. Тэгэхээр стратегийн ордуудаас орж ирж байгаа ашиг орлого үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байдаг. Монгол Улсын Их хурал стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй. Нийт 16 стратегийн орд дотроос долоо нь төрийн эзэмшилд байгаа. Харин ес нь хувийн эзэмшилд байна. Мөн стратегийн ач холбогдол бүхий 39 ордод хамааруулах ордын нөөц нь тогтоогдсон. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий 39 ордод хамааруулах Засгийн газрын шийдвэр гарч УИХ-д өргөн мэдүүлэхийг Туваан сайдад даалгасан.
“Эрдэнэс Монгол” нэгдлийг 7 хуулийн этгээд эзэмшдэг ба татвар бүрдүүлэлтээс харахад 13.5 их наяд буюу татварын 72 хувийг төрийн эзэмшлийн хуулийн этгээд бүрдүүлдэг. Гэтэл есөн ордыг эзэмшээд байгаа хувийн эзэмшлийн 16 компани 4.6 их наяд төгрөг буюу 28 хувийг эзэлж байна.
Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордуудын үр өгөөжийг ард иргэдэд хуваарилахдаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдана. Үндэсний баялгийн сангийн хуримтлалын санд стратегийн ордын 34 хувийн ногдол ашиг төвлөрдөг. Өнгөрсөн хугацаанд уг санд 500 тэрбум төгрөгийг дээрх долоон ордыг эзэмшигч төрийн компаниудыг хуримтлуулж, 5000 өрх орон сууцанд орох нөхцөлийг нэмэгдүүлсэн. Тиймээс үр өгөөжийг цаашид хэрхэн нэмэх нь бидний гол зорилт юм.
Долоон ордын 34 хувийн хуримтлалыг хийгээд байхад 2040 он гэхэд 28 их наяд төгрөг болно гэсэн тооцоолол бий. Хэрэв хувийн хэвшлийн ногдол ашгийг хамгийн багаар бодоод хийхэд 32 их наяд төгрөг болж цаашид орон сууцны урьдчилгаагүй зээлд хамрагдах, боловсрол, эрүүл мэндэд зарцуулах боломж үүснэ. Мэдээж хэлэлцээ хийж шийдвэр гарна, тиймээс дээрх 9 орд эзэмшигч компаниуд руу албан бичиг илгээнэ.
Өргөн агуулгаар харахад бид хэлэлцээ хийх ёстой. Анхнаасаа буруу явж ирсэн учраас ийм байдалд хүрээд байна. Тэгэхээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зарчим руу шилжинэ” хэмээсэн.