Зээлжих зэрэглэл өссөнөөр Монгол Улсын гадаад зах зээл дээрх хөрөнгө татах өртөг буурах, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх, санхүүгийн тогтвортой байдал бэхжих боломж нээгдэж байна.

Монгол улсын улстөрийн нөхцөл байдал улайссан тогоо шиг л байна. Энэ цаг үед Засгийн газрыг огцруулах акц хэрэгжих эсэх ч тодорхойгүй л байна. Үүнтэй зэрэгцээд Олон улсын Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B2-оос B1 болгон ахиулж, урт хугацааны төлөвийг “тогтвортой” хэвээр хадгалсан хэмээн зарлалаа.
Уг нь УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газрыг огцруулахаар 10 хоногийн өмнө мэдээлэл хийхдээ. өөр л юм ярьсан юмдаг. П.Сайнзориг эдийн засгийн нөхцөл байдал нь Г.Занданшатарыг огцрох нэг шалтгаан болж байгааг онцлоод “Төрийн сангийн данс улайсан. Цалин, тэтгэврээ тавьж чадахгүй байдал руу явж байна. Гэтэл сошиалд рийл шахаж Засгийн газрын ажлыг хийж байгаа нь харамсалтай” хэмээж байсан.
Үүнийг УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан няцааж, Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн явж байгааг мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Олон улсын Moody’s агентлаг “Зээлжих зэрэглэл ахих болсон үндэслэлд эдийн засгийн тогтвортой өсөлт, өрийн удирдлагын сайжралт, төсвийн сахилга бат бэхжсэн байдал, экспортын бүтэц төрөлжиж эхэлсэн үр дүнг” онцлон дурджээ.
Энэ нь Монгол Улсын хувьд 2014 оноос хойш авсан хамгийн өндөр зээлжих үнэлгээ бөгөөд улсын эдийн засгийн бодлогын залгамж чанар, гадаад итгэлцэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүчин зүйл болж байгаа ажээ.