-Засгийн газраар дүүрэн эрх ашгийн зөрчилтнүүд сууж байна-
Эрхэлдэг бизнестээ сайдын тамгыг, нэр нөлөөг ашиглаж болохгүй учраас бүх улсын Засгийн газарт ашиг сонирхлын хууль үйлчилдэг. Авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэлтэй Засгийн газар бол уг зарчмыг ягштал мөрддөг. Манай Засгийн газар гэхдээ нэг амаараа авлигатай тэмцэнэ гэдэг ч нөгөө амаараа авлигыг дэмждэг. Үүнийг Засгийн газраар дүүрэн ашиг сонирхлын зөрчилтэй сайдууд байгаагаас харж болно. Энд нэрлэгдэх сайдууд бол хувийн бизнесийнхээ САЙД болсон сайдууд юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг УИХ-д танилцуулахдаа “Улс орон урагшлан хөгжих, уруудан доройтох нь засаглалын зөв тогтолцоо, хувийн эрх ашгийг хойш тавьж, улсын эрх ашгийг эхэнд тавьсан төрийн зүтгэлтнүүдийн үйл хэрэгтэй салшгүй холбоотой” гэж мэдэгдсэн. Гэвч үнэндээ амьдрал дээр огт хэрэгждэггүй, хэрэггүй үг болсон.
Уг нь Монгол улс “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуультай, дээр нь дарга нарын амнаас хувийн ашиг сонирхлын тухай гал цогтой үгс байнга унаастай.
Жирийн иргэд бидний өсөх, дэвжих, амь амьдралаа дээшлүүлэх боломжийг шууд хулгайлсан нөхдүүд дөрөвхөн жилийн дараа дахин сонгуульд нэр дэвшээд гишүүн болчихдог, тэгээд бүр давхар дээлтэй сайд болчихдог дампуу улс Монголоос өөр байхгүй. Тэр тусмаа тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн компанитай сайд нарыг ашиг сонирхлын зөрчлийн хуульд нийцэж байна гэж үздэг нь гамшиг.
Жишээ нь, Ж.Энхбаяр байна. Хөдөө аж ахуйн бизнестэй, тус салбарыг дэмжих сангуудаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан удаа дараа зээл авч байсан нэгэн. Гэтэл зээл авдаг, бизнес хийдэг салбарынхаа сайд болчихсон тууж явна. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхэнд С.Зориг агсны хэлсэн “Эхлээд улс, тэгээд нам, дараа нь хувь” гэсэн утгатай үгсийг оруулж өгсөн. Гэвч энэ эрх ашгийн эрэмбийг Ж.Энхбаяр жишээ нь энэ удаа дагана гэж итгэсэн үү, Ерөнхий сайдаа.
ХХААХҮ-ийн сайд болсон Ж.Энхбаяр дөрөвхөн жилийн өмнө ЖДҮ-чин гэгдэж нэр дэвших эрх авч чадалгүй хасагдаж байсан ч энэ жил УИХ-д нэр дэвшин гишүүнээр сонгогдож, улмаар сайд болсон. Тэрээр зөвхөн ЖДҮ сангаас ч бус Засгийн газрын дөрвөн сангаас зээл авсан нь баримттай юм.
Дараагийн эрх ашгийн зөрчилтөн бол Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан.
Түүний хувь эзэмшлийн “Болд төмөр Ерөө гол” ХХК нь 110 сая төмрийн хүдрийн нөөцтэй Баянголын ордод олборлолт явуулдаг. Мөн түүний эзэмшлийн “Монголиан транс ложистик” ХХК, “Монголиан транс лайн” ХХК Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд хөрөнгө оруулж, барьсан. Ингэхдээ барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 20 жил эзэмшигч нь болсон. Товчхоноор хэлбэл, хувьдаа замтай хүн Замын сайд болжээ.
Эрчим хүчний сайдаар улиран томилогдсон Б.Чойжилсүрэн байна. Түүнийг өнгөрсөн сонгуулиар мөнгө тараасан гэдгийг амтай болгон ярьсан. Тэгээд УИХ-д сонгогддог, сонгогдоод заавал сайд болдог Б.Чойжилсүрэн Нийслэлийн хаа сайгүй өндөр хорооллууд сүндэрлүүлж, өөрийнхөө барьсан байшингууд руу эрчим хүч татах ажлыг хамгийн түрүүнд хийдэг гэж байгаа.
Боловсролын сайд болсон ХҮН-ын П.Наранбаяр нь улс төрд орохоосоо өмнө хувийн сургуулийг үүсгэн байгуулалцаж, захирлаар нь ажиллаж байсан. Тэр 2012 оны 11-р сараас 2020 оны 2-р сарын хооронд Ерөнхий Боловсролын “Шинэ Монгол” сургуулийн захирлаар ажиллаж байв.
Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Датуком” ХХК-тай хэмээн ХОМ-тээ мэдүүлдэг. Тус компанийг тэрбээр Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяртай 2007 оноос хамтран эзэмшсэн. Д.Хосбаяр гэр бүлийн хүрээнд 10 гаруй үл хөдлөх хөрөнгөтэй. Харин түүний эгч Ж.Будын хүү Б.Бат-Оргил барилгын компанитай. Түүний “Голден би ти эс констракшн” томоохон газар авч, хэд хэдэн барилга барьсан гэдэг. Гэхдээ тэр Барилгын сайд болсон.
Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар 16 яам, 23 сайдтай. Тэдний олонх нь ашиг сонирхлын зөрчилтэй. Энд нэрлэсэн хэд бол том ашиг сонирхолтнууд бөгөөд цаашид бид энэ сэдвийг үргэлжлүүлэн хөндөж бичих болно.
Ийм олон эрх ашгийн зөрчилтэй сайдуудтай Засгийн газар авлигатай тэмцэж чадах уу? Ерөнхий сайдаа?!
www.gereg.mn сайтын редакц