Г.Занданшатар Та нэр холбогдсон, хэвлэлээр гарсан янз бүрийн асуудлаа нэг талд нь гаргаж байж Ерөнхий сайдын суудалд сууна уу

УИХ-ын даргын өндөр сэнтийгээс бүхэл бүтэн арван мандаттай тойрогт өрсөлдөн өвдөг шороодсон Г.Занданшатарыг тооноор оруулж ирээд Ерөнхий сайдын сэнтийд залчихсны горыг монголчууд бүх нийтээрээ амсаж байна.

Даварсаар Дагвын орон дээр гэгчээр улстөрчийн  хувьд легитм шинжээ нэгэнт алдаж, ард түмнээр дүнгээ тавиулчихсан  түүний албан тушаалын төлөөх шунал дийлсээр эрх баригч “МАН-ын дарга болно” хэмээн муйхраар  зүтгэсний горыг Ардын намынхан 100 жилийн нэр хүндээрээ, ард түмэн бензин шатахууны хомсдол, сургууль цэцэрлэгийн жагсаалаар амсаж байна.

МАН-ын даргын төлөөх сонгуульд хоёронтаа өвдөг шороодсон Г.Занданшатар тахимаа өгч төвдөлгүй  өрсөлдөгчөө харлуулах кампанит ажиллагаа өрнүүлж, хуульгүй дүрэмгүй тоглож эхэлсэн. Улмаар түүний энэ увайгүй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох парламентын 126 гишүүний 71 нь буюу үнэмлэхүй олонх нь кноп  дарснаар Г.Занданшатар ба түүний тэргүүлсэн Засгийн газарт хариуцлага тооцож,  огцруулсан.

Гэвч  тооноор орж ирж, хуульгүй дүрэмгүй тоглож дадсан тэрбээр Үндсэн хуулийн Цэцийг, Үндсэн хуультай нь “хүчиндэж” байгаад  Ерөнхий сайдын суудалд  эргээд ороод ирсэн. Энэ бол Г.Занданшатарын хувьд гурав дахь уналт байлаа. Хуультай  дүрэмтэй улсын,  хууль ёс сахиулагч, төрт ёсоо хүндлэгч байсан бол тэр эхний удаагийн бүдрэлтээ хүлээн зөвшөөрөөд явчих ёстой байв. Харамсалтай нь Г.Занданшатарт аль аль нь алга. Одоо тэр ердөө л улайран зүтгэгч, өс хонзогногч, албантушаалд үхэн хатан шунагч болж хувирсан. Улс төрчийн хувьд ч, эр хүний хувьд ч Г.Занданшатар хэрсүү ард түмнийхээ өмнө  хэн ч биш болсон.

Харин одоо Г.Занданшатараас ард түмэн шударга ёсыг нэхэж бас шаардаж байна. Учир нь Ерөнхий сайд Г.Занданшатартай холбоотой хууль бус, хуудуутай, шалгах шаардлагатай гэж үзсэн олон асуудлын хүрээнд хуульч  Б.Гүнбилэг  АТГ-т албан ёсоор хандсан. Нэгэнт Г.Занданшатар өс санасан хүндээ ямар ч хамаагүй хэрэг нааж, хэвлэлээр гүтгэж байгаад шалгуул гэж шаардаад улмаар Хуулийн сайдаа сольж байгаад хэрэг үүсгэдэг жишгийг улстөрд тогтоож байгаа юм бол  тэр өөрөө ч бас шалгуулах ёстой.

Учир нь Монгол Улсад шударга ёс үйлчилдэг байх учиртай. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй нь үнэн юм бол Г.Занданшатарт  “гахайны” эрх мэдэл  гэж тусдаа байх ёсгүй. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатартай холбоотой ямар ямар хэргүүд хэвлэлээр гарч байв, ямар хэргүүдийн материал АТГ-т очив. Энэ тухайд тойм мэдээлэл хүргэе.

-Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар  “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод Монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь Ашиг сонирхлын тухай хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болсон гэж үзээд хуульч Б.Гүнбилэг АТГ-т албан ёсоор хандсан.

Ц.Анандбазар нь Ерөнхий сайдын Орон тооны бус зөвлөх бөгөөд тэд олон жилийн турш хувийн найз нөхдийн харилцаатай хүмүүс.  Г.Занданшатар нь Ц.Анандбазарын төрсөн дүү Ц.Дэлгэрмаатай хамтран “Монголын Силикон Вэлли” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байдаг аж. Мөн аливаа стратегийн шийдвэр, тэр дундаа 300 тэрбумаас дээш үнийн дүнтэй тендерүүдийг Ерөнхий сайдын мэдэл, зөвшөөрөлгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй байдаг.

-Мөн  Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн санаачилсан Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54.1 км авто замын 66.4 тэрбум төгрөгийг өөрөө авсан гэж хардах, хуулийн байгууллага шалгах үндэслэлтэй байна гэж  хуульч Б.Гүнбилэг мөн АТГ-т хандсан байдаг.

-Тэмээтэй хөшөөнөөс Хан-Уул дүүргийн И-Март дэлгүүр хүртэлх замын бродюрыг 7.3 тэрбум төгрөгөөр засах ажилд мөн л Г.Занданшатарын хамаарал бүхий “Бриж бюлдинг” компани шалгарсан гэх зэрэг мэдээлэл цахим сайтуудаар цацагдаад удаж буй. Ийнхүү Ерөнхий сайд Г.Занданшатартай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй маш олон хэрэг яригдаж эхэлсэн билээ.

-Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж  байхдаа өөртөө, дүүдээ, хүү, охиндоо нийт 444 сая төгрөгийн зээл авсан талаарх  одоогоос хоёр жилийн өмнө цахим сайтуудаар цацагдаж байв.  Тодруулбал, Г.Занданшатар нь 2003 онд Нидерландын Маастрихтын Удирдлагын сургуульд суралцахдаа 6 мянган ам.доллар, түүний төрсөн дүү Гомбожавын Оюунгэрэл мөн онд Австралийн Свинбурн их сургуульд суралцахдаа 16 мянган ам.доллар, Г.Занданшатарын хүү З.Алтангэрэл нь бакалаврын зэрэгт суралцахдаа 93 мянган ам.доллар, охин З.Должинсүрэн нь мөн бакалаврын зэрэгт суралцахдаа 13.9 мянган ам.долларын зээлийг тус тус аваад төлөөгүй байна.  Зээлийн сангаас хамаарал бүхий хүмүүстээ зээл авсан жагсаалтыг тоогоороо УИХ-ын дарга тэргүүлдэг. Нэг гэр бүлээс буюу хамаарал бүхий дөрвөн хүн энэ сангаас нийтдээ 128 971 ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 444 сая төгрөгийн зээл авчихаад төлөөгүй байна гэсэн үг.

-Салхитын мөнгөний ордын хулгай ч мөн зүй ёсоор Г.Занданшатараар овоглодгийг мартаж үл болно.

Хэрвээ Монгол Улсад шударга ёс үйлчилдэг, хууль хүн бүрт тэгш үйлчилдэг бол  Ерөнхий сайд Г.Занданшатар дээр дурдсанчлан, нэр холбогдсон олон хэргээ  шалгуулж байж, төрийн өндөр албан тушаалд суух учиртай. Хэдийгээр шүүхээс хэн нэгнийг шүүж, эцэслээгүй бол хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэх хуулийн  заалт Монгол Улсад үйлчилж байгаа ч  бид УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг гаднын сайтуудад төлбөр төлж гүтгэж байгаад  “Энэ бүхнээ шалгуулж, нэрээ цэвэрлэж байж төрийн өндөр албан тушаал хаш” гээд сошиалаар “дүүжилчихсэн”.

Улмаар албан тушаалыг нь ч авчихсан. Ингээд ч зогсохгүй  Д.Амарбаясгаланг  нийгэмд ингэж “хаяж өгөх” ажилллагааг гардан гүйцэтгэсэн УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод  хэргийн сайд болгож байгаад Д.Амарбаясгаланд хэрэг үүсгэчихсэн. Энэ бол  олон түмний нүдэн дээр өрнөсөн, нэг хүний эсрэг кампанит ажиллагаа байсан.

Харин  одоо  шударга ёс үйлчлэх ёстой. Монголын ард түмэн шударга  ёсон дор амьдарч, шударга шүүхээр шүүгдэж буйдаа итгэл төгс байх учиртай.

Иймийн тул Ерөнхий сайд Г.Занданшатар та нэр холбогдсон, хэвлэлээр гарсан хэрэг төвөг, гэм буруугийн асуудлаа нэг талд нь гаргаж байж Ерөнхий сайдын суудалд сууна уу.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn