Энэ оны тавдугаар сард Сэлэнгэ аймагт болох “Музей, соёлын өв сурталчлах” өдөрлөгт оролцохоор явж байсан тус аймгийн Сайхан сум буюу Хөтөлийн Соёлын ордны таван эмэгтэй осолд орж, гурав нь нас баржээ. Тавдугаар сарын 18-нд болсон уг ослоос жолооч болон 14 настай нугараач охин амьд үлдсэн байна. Жолооч тахир дутуу болсон ч амь насанд халгүй, харин 14 настай нугараач охин Э. Агиймаагийн биеийн байдал маш хүнд, Хөх хотын эмнэлэгт гурав дахь хагалгаагаа хүлээж байгаа аж.
Өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд Хөтөлийн МЭХ-ны дарга Д.Цэвээнсүрэн хандивын аян өрнүүлж, дээр нь гэр бүл, ах дүү нар нь тусалсны хүчинд 100 орчим сая төгрөг цугларч,Хөх хотод хоёр удаа хагалгаа хийлгэжээ. Хоёр дахь хагалгаа яс нөхөх хагалгааг хийлгэсэн боловч эмч нар гурав дахь хагалгааг хийлгэх шаардлагатай гэжээ.
Учир нь яс нөхөх хагалгаанаас хойш үрэвсэл явагдаж, нугасны усны үрэвсэлийн хэмжээ 0-10 байх ёстой ч 3700-д хүрсэн гэнэ. Нугаснаас шууд усыг гадагшлуулж байгаа хэдий ч шар өнгөтэй идээтэй гарч байгаа бөгөөд уг гуурсыг дээд тал нь 14 хоног байлгана, энэ хугацаанд үрэвсэл намдахгүй бол маш аюултай гэсэн байна.
Нөхцөл байдал ийм байхад арга буюу Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номинд хандаж захидал бичсэнээ Хөтөл хотын МЭХ-ны салбар зөвлөлийн дарга Д.Цэвээнсүрэн учирлалаа. Учир нь соёл, урлагийн арга хэмжээнд оролцохоор явж байгаад осолдсон насанд хүрээгүй хүүхдийн амьд явах эрх хөндөгдөж байгаа учраас ийнхүү салбарын сайдын дэмжлэг хэрэгтэй байгаа ажээ.
Та бүхэн охинд туслахыг хүсвэл Д.Цэвээнсүрэнгийн 99228499 дугаарын утсанд холбогдоно уу.