Монгол Улс ICAPP-ын сайн жишиг боллоо

Азийн улс төрийн намуудын олон улсын (ICAPP) Эмэгтэйчүүдийн жигүүрийн хурал Монгол Улсад эхэллээ. Хуралдаанд Азийн 15 улсын 20 гаруй улс төрийн намын 40 гаруй төлөөлөгч оролцож байна. Бүс нутгийнхаа эмэгтэйчүүдийн асуудлыг  хөндөн ярилцаж, чадавхжуулдгаараа тус жигүүрийн хуралдаан  онцлог болдог.  Хуралдааныг нээж УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, МАН-ын СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Номин үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшинд оролцуулах, нөлөөллийг  нэмэгдүүлэхийг онцлоод “Ази тивд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцооны талаар хэлэлцэж, гарц шийдлийг эрэлхийлж байна. Энэ онд Азийн 20 гаруй улсад сонгууль болж , парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо  нэмэгдсэн амжилттай жил байлаа. Монгол Улс жендэрийн үзэл баримтлалын хувьд дэвшилтэт улс билээ.

Манай улсад парламентад 32  эмэгтэй гишүүн сонгогдож олон намын төлөөллийг хангаж, олон ургалч үзлээр хяналттай парламентыг бүрдүүлэхийг зорьж, эмэгтэйчүүдийн төлөөлөл ч олон улсын дундаж түвшинд хүрч, Азидаа тэргүүлсэн парламент бүрдсэн.

Зөвхөн Монгол Улсад бус, Азийн бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж байна. Эмэгтэйчүүдийн манлайлал нь зөвхөн шийдвэр гаргах түвшинд төдийгүй, хүн амын амьжиргааны түвшин сайжруулах, хөгжлийн асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд чухал нөлөөтэй. Энэ удаагийн хуралдаанд бид жендерийн тэгш боломжийн бодлогыг хэрэгжүүлэх, парламентын гишүүний үүрэг гүйцэтгэхэд тулгардаг саад тотгорыг даван туулах арга замуудыг хамтдаа хайж, харилцан туршлага солилцоно. Хамтдаа Ази тив болоод бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдлыг хангах томоохон алхамыг хийж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Тэгвэл  Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын \АУТНОУБХ\ Байнгын хорооны дарга Чүн И Ёнг нээлтийн үгэндээ Эмэгтэйчүүдийн жигүүрийн хуралдааныг Монгол Улсад зохион байгуулж буйд баяртай байгаагаа илэрхийлээд АУТНОУБХ нь эрх тэгш нийгмийг цогцлооход чухал үүрэгтэйг онцоллоо. Хүрэлцэн ирсэн зочид,  төлөөлөгчид VIII хуралдааны онцлох орноор Монгол Улсыг зүй ёсоор нэрлэж байна.

Учир нь 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн 25 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Энэ бол Азийн улс орнуудад тэргүүн жишиг болох үзүүлэлт. ICAPP-ын олон улсын байгууллага нь нийгмийн олон бүлгийн нийтлэг эрх ашгийг илэрхийлсэн хэд хэдэн зөвлөлтэй. Азийн хамгийн том улс төрийн намын байгууллага болох ICAPP-ын хоёр салбар хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах эрхийг Монгол Ардын Намд олгосон. Монгол Ардын Нам 2004 оноос ICAPP-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд 2013 онд Байнгын хорооны гишүүнээр элссэн юм. ICAPP нь Азийн 50 гаруй орны, 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн, улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилготой дэлхийн хэмжээний байгууллага юм.

 

 

Эх сурвалж: МАН

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn