Г.Ганхуяг: Та бүхэн минь надад бүрэн итгэж болно

Улсын харцага Г.Ганхуяг допингийн асуудлаар ам нээлээ.

Тэрбээр “Үндэсний бөхийн салбар хорооны үр дүнгийн удирдлагын баг 2024 оны 07 сарын 23-ны өдөр Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхийн допингийн шинжилгээний хариуг олон нийтэд танилцуулсан.
Тус мэдэгдэлд миний шинжилгээний хариуг хэвийн бус гэж тогтоогдсон талаар мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл цацагдаж байгаа тул би дараах тайлбарыг хүргэж байна.
​Миний бие Үндэсний их баяр наадмын бэлтгэлийн үеэр хүзүү толгойндоо гэмтэл авч, тархины мэргэжлийн эмчийн үзлэгт орж, тархины доргилт, хаван гэж оношлогдсон. Тиймээс эмчийн зөвлөсний дагуу “Энгийн эмийн жор”-оор эмчилгээ хийлгүүлсэн. +++++
Улмаар 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өгсөн допингийн шинжилгээний хариу “Хэвийн бус шинжилгээний илэрц” гэж тогтоогдсон бөгөөд Ацетазоламид элемэнт 18ng/mL хэмжээтэй илэрсэн юм.
Хэвийн бус илэрц гэдэг нь WADA-н дүрэмд олимпын төрлийн жингийн ангилалттай спортын тамирчин жин хасах зорилгоор тухайн элемэнт 20ng/mL доош буюу маш бага хэмжээтэй хэрэглэсэн байж болзошгүй тохиолдлыг хэлдэг байна.

Тус бодис үйлчилгээ нь хаван хөөх, шингэн гадагшлуулах бөгөөд дараах 2 шалтгаанаар тухайн тамирчин өөртөө давуу байдал үүсгэх зорилгоор хэрэглэх боломжтой гэж үзэн WADA-н хориотой бодисын жагсаалтад оруулжээ.

Үүнд:
1 . Тухайн бодис нь тамирчний биеэс 20ng/mL ба түүнээс дээш илэрсэн тохиолдолд WADA- гийн дүрмэнд аливаа хориотой бодисийг нуун далдалсан гэж үзэж шууд зөрчил гэж үзнэ. Тухайн бодис нь 20ng/mL (=)буюу түүнээс бага хэмжээгээр илрэх үед өөр хориотой бодисын үлдэгдлийг хөөж, далдлахад ямар ч үр дүнгүй (WADA TL24 1.0 ) гэж заажээ. (Надаас илэрсэн хэмжээ маш бага буюу 18ng/mL)
2. Олимпын төрөл болон Олон Улсын Олимпийн Хороо -нд хүлээн зөвшөөрөгдсөн жингийн ангилалтай спортын төрлийн тамирчин жин хасахдаа давуу байдал үүсгэх зорилгооор хэрэглэх боломжтой. (WADA TL24 1.0 )заасан.
Миний чөлөөт бөхийн спортын үндсэн жин 92кг бөгөөд олимпын жил жин өгсөж 97кг-д эх орноо төлөөлөн тив дэлхийн тэмцээнүүдэд өрсөлдсөн.
Энэ хугацаанд WADA болон MONADA-ийн тэмцээний үеийн болон тэмцээний бус цаг үед допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж байсан бөгөөд зөрчил илэрч байгаагүй.
Үндэсний бөх нь Олимпын болон жингийн ангилалтай спортын төрөлд хамаардаггүй, нас, жин, өндөр хязгаарлдаггүй тул эцсийн шийдвэрийг гаргах дотоодын эрх бүхий байгууллагууд миний энэ асуудлыг сайтар нягталж, шийдвэрлэнэ гэж итгэж байна.
Эцсийн шийдвэр гарах хүртэл бөхөд хайртай ард түмэн, дэмжигчид та бүхэн маань аливаа мэдээлэлд ул суурьтай хандахыг хүсье.
Та бүхэн минь надад бүрэн итгэж болно” гэжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn