УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 103 гишүүний 100 хувийн саналаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо.
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилогдсонтой холбогдуулан тогтоол баталлаа. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд дахин Засгийн газрын танхимыг удирдахаар болж, эрхээ УИХ-аас авсан юм. Ерөнхий сайдыг томилохын өмнө гишүүд саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Өнгөрсөн дөрвөн жилд бидэнд хамгийн их хүлээгдэж байсан, гар барьж гүнзгий орж чадахгүй байгаа хоёр гурван салбар байгаа. Түүн рүүгээ гүнзгий ороосой гэж хүсч байна.
Нэгдүгээрх нь эрчим хүч. Эрчим хүчний салбар улсын эдийн засаг аюулгүй байдалтай холбоотой. Бизнесийг таслалгүй явуулах гол салбар. Францтай гэрээ байгуулсан ч дүлэгнээд л байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, дотоодоо эрчим хүчээр бүрэн хангах, даварвал гадагшаа экспорт хийх боломжтой төсөл дээр зоригтой байгаарай гэж хүсч байна.
Хоёрдугаарх, нь тээвэр ложистикийн бүтэц дээрээ зоригтой алхам хийх.Чойр хүртэл нарийн цариг оруулж ирээд шингэн бараа бүтээгдэхүүн буулгах дэд бүтэц байгуулаад агаарын хап хийх. Алийн болгон ар талаасаа айж явах вэ.
Гуравт нь хөрөнгө оруулалт. Өмнөх парламент хугацаагаа дуусахын өмнө хөрөнгө оруулагчдад салаавч үзүүлсэн. 2008-2012 оны парламент хөрөнгө оруулалтыг 0 дээр авчирч байсан. Засгийн газар хөрөнгө оруулалтаа дэмжих чиглэлээр яваарай. Уул уурхай жаахан явж байгаа байж магадгүй.
Татвараа яах вэ бодсон нь дээр. Уул уурхайгаас бусад салбар дээрээ цонх нээвэл яасан юм бэ. Хамгийн их ажлын байр бий болгодог бизнес дээрээ Засгийн газар гурван жил нүдээ аниад явбал яасан юм бэ. Үгээ хэлсний төлөө шоронд ордог, бизнес эрхэлснийхээ төлөө амьдралаараа хохирдог болчихлоо.
Авлигатай тэмцэх үйл явц хэцүү. Тогтолцооны хувьд сууриар нь өөрчлөхөөс аргагүй, тодорхой хүмүүс дээр хариуцлага тооцохоос аргагүй,гэхдээ хажуу хавирга дахь авлигачдад хариуцлага тооцох асуудлыг бодох ёстой”.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа “Дөрвөн жилд сайжруулсан шахмал түлшнээс болж 3600 иргэн амь насаа алдсан эмгэнэлтэй тоо байна. Энийг цаашид маш сайн анхааралдаа аваасай. Иргэд түүхий нүүрсээ түлбэл яасан юм бэ, энэ асуудлыг сайн хөндөж өгөөч ээ гэж хүсч байна. Гэр бүлийн тухай хуулийг батлахад хамтарч ажиллаасай гэж хүсч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Засгийн газарт хамтран санал тавьсан нь зөв. Гадаад, дотоодын нөхцөл ямар байгаа билээ. Найман жил хэт олонхиороо ажиллалаа. Үр дүнгүүд байгаа. Оюутолгой төсөл урагшилсан, нэг хүнд онгдох ДНБ 5000 ам.долларт хүрлээ. Сонгуулийн систем, ард түмний санал гээгдэхгүй байх гэх мэтчлэн сайн зүйлүүд байна. Гэхдээ бас анхаарах асуудал бий. Тяньжин дээр өчнөөн олон контейнер бөөгнөрчихсөн байна, түүнээс болоод бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс эхлээд сөрөг дагавартай. Зохион байгуулалтын асуудал гэж харж байгаа тул түргэн шуурхай шийдэх шаардлага байна”.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Бидний мөрийн хөтөлбөрт олон шинэ санаачлага орсон. Хороо дүүргийн эрх мэдлийг анхан шатанд нь шилжүүлье гэдэг санаачлага орсон. Энэ шинэчлэлүүд маань олон нам УИХ-д суудалтай болсноос бэрхшээлтэй тулгарах вий гэдэг айдас төрж байна. Улс төрийн намууд зөв санаачилгуудаа ширээн дээр гаргаж тавиад зөвийг нь хэрэгжүүлээд явбал ямар вэ. Нийслэлийг дэмжих Байнгын хороотой болбол яасан юм бэ. Цөөнх маань юу ч байсан эсэргүүцнэ гэхээс илүү өөрсдийн зөв санаачилгаа МАН ын зөв санаачилгатай хэрэгжүүлээд явбал яасан юм бэ. Ерөнхий сайдыг эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгахыг хүсч байна”.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү “Шинэ 30 жил гэж нэрлэж байгаа боловч өнгөрсөн 30 жилийн алдаа болсон нүүрсний зэсийн, ЖДҮ, ногоон автоусны хулгайг хөөн хэлэлцэж хариуцлага тооцох ёстой. Асуудал УИХ бидэнд байна, асуудлыг бид ирээдүй цаг дээр ярьж байна. Өнгөрсөнөө дүгнэхгүй бол зөв шийдвэр гаргаж чадахгүй. Төрийн үйл ажиллагаанд нэгдсэн дүгнэлт хийх цаг нь болсон. Ингэж байж төсөв үр ашигтай зөв зүйлд зарцуулагдана.
Монгол Улсын хотуудын хөгжлийг ярих ёстой. Улаанбаатар хотоос гадна олон хоттой байх ёстой. Хотод бүтээн байгуулалт хийх гэхээр газар чөлөөлөлт дээрээ 5 жил, 10 гацдаг. Дэлхий дахин иргэнийхээ газрыг нь булааж авдаг биш газрынх нь нөхөн төлбөрийг нэмээд бизнесээс нь хувь эзэмшүүлдэг болсон. Ингэх юм бол бүтээн байгуулалт бүрэн дүүрэн хурдан шуурхай хэрэгжиж байна.
Сэлбэ дэд төвийг тойрсон бизнесийг дэмжвэл бүтээн байгуулалт хурдацтай явна. Энэ удаагийн УИХ-д сонгогдсон миний бие иргэдийнхээ хувийн өмчийг хуулиар хамгаалах, нэмээд орлогынх нь үүдийг нээх чиглэлд ажиллана. Хөрөнгийн менежментийг цоо шинээр хийх хэрэгтэй.
Улаанбаатар хотын хөрөнгийг үнэлээд үзэх юм бол 2016 оныхоор 1.5 их наядын өмч байна. Энэ өмчийг нийслэлчүүд өмчлөх боломжтой. Дэлхийн хотууд энэ чиглэл рүү явж байна. Хотын иргэд нь хувь эзэмшдэг болбол тэр хот илүү хөгжиж байгаа. Хотыг шинээр зохион байгуулах боломж байна.
Өнгөрсөн парламент нэг зүйлийг эхлүүлсэн ч дутуу эхлүүлсэн. Энэ бол банк санхүүгийн салбарын шинэчлэл. Хувийн хэвшил, ЖДҮ эрхлэгчид банкны өмнө бөхийж байна. Маш өндөр хүүтэй зээл өгдөг. Банк төрөлждөггүй, Лоббидож байгаад 20 хувиа нээлттэй болгосон. Энэ бол дутуу шинэчлэл, гүйцээх ёстой”.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Тоон дээр бид их анхаарах хэрэгтэй байна. ДНБ-д харьцуулахад төсвийн эзэлж байгаа хэмжээ Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгойг нэмэхээр ДНБ 70 хувь гарч байгаа. Эдийн засгаа чөлөөтэй болгоё, төрийн өмчит компанийг нээлттэй хувьцаат компани болгоё гэж байгаа боловч тоо өөр дүн илэрхийлж байгаа. Үүнийг анхаараасай. Зорьж байгаа зорилтуудаа зоригтой хийж, төрийн өмчит компанийг монголчууд эзэмшдэг болохгүй бол төр улам л данхайна. Аж ахуйд улстөрчид орооцолддогыг багасгах ёстой.
Монгол Улсын нэгж бүтээгдэхүүнд ногдох өртгийн тээвэр ложистикийн өртөг 26 хувь байгаа. Татвар харьцангуй хямд гэдэг нь зөрчилтэй тодорхойлолт. Монголд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг ч ашигтай болсон цагт л үйлдвэрлэл хөгжинө. Хөрөнгө оруулъя гэхэд ашигтай байдаггүй, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспорт гаргах гэж байгаа хөрөнггө оруулалтыг татварын бодлогоор зохицуулах шаардлагатай байгаа. Холимог сонирхолтой парламент бүрдлээ. Нэг нам нь хэт давамгайлчихвий гэдэг болгоомжлол яваад байна. Цөөнхийн хувьд тэнцвэрийг хадгалахын төлөө л ажиллаж таарна”.