УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигчээс гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Маш их хар PR явагдсан сонгууль болсноор улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө уралдуулж чадсангүй.
Энэ сонгуульд МАН бие дааж Засгийн газар байгуулах боломжтой суудал авсан ч зөвшилцөлд урьж байна гэсэн албан бичиг Ардчилсан намын даргад ирсэн. Энэ зөвшилцлөө тайлбарлахыг хүсье. Яагаад бие дааж Засгийн газар байгуулахаас татгалзав. Өнгөрсөн найман жилд макро эдийн засгийн төвшин ахисангүй. Ядуурал буурсангүй, хүмүүс ажил хийх сонирхолгүй болж байна. Цаашдын дөрвөн жилд эдийн засгаа яаж тэлэх вэ, ядуурлыг яаж бууруулах вэ?
Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ “Нэгэнтээ бид тогтолцооны өөрчлөлт хийсэн учраас мөрийн хөтөлбөрүүдтэй холбоотойгоор шийдвэрлэхгүй бол болохгүй асуудал бий. Жишээлбэл, 30 жил эрчим хүчний үнийг либеральчлах тухай ярьсан. Эрчим хүчний өртөг зарж байгаа үнэнээсээ өндөр байгаа. Айгаад хийж чаддаггүй. Үүнээсээ болоод эрчим хүч дампуурсан, шугам нь шинэчлэгддэггүй. Ийм асуудлыг шийдвэрлэхэд зөвшилцөл хэрэгтэй. Энэ мэтчлэн 4-5 тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудал бий.
Улаанбаатар хотын Их тойрууд эрх мэдлийн 90 хувь төвлөрч байна. Хэчнээн тойрог зам тавилаа гээд эндээ байгаа нөөхцөлд шийдэгдэхгүй. УИХ-ын анхдугаар чуулган дээр Х.Тэмүүжин гишүүн хөндсөн. Үндсэн хуульд Засгийн газар заавал нийслэлд байх ёстой гэж заасан юм билээ. Энийгээ шийдчихвэл парламент нь тусдаа, гүйцэтгэх засаглал нь тусдаа, шүүх засаглал нь тусдаа болно.
Хотыг тойрсон хурдны зам хэрэгтэй. Газар чөлөөлөлт хийгээд эхлэхээр орон нутгийн сонгууль болно гэж хөөрөгдсөөр хийгдэхгүй 34 жил болсон. Энийг хийвэл нийслэлийг тойрсон газар чөлөөлөлт буюу орон сууцжуулалтын асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Хөшигийн хөндийд мөн том орон сууцны бүтээн байгуулалт хийх боломжтой.
Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа гэдэг гурван удаагийн төсөв батлах маш хурдтай процесс. Энэ агуулгаар саяны асуудлыг бичээд геополитикийн хүндрэлтэй байгаа үед зарчим дээрээ нэгдэн хамтран ажиллах хүсэлтэй байна гэдэг саналаа УИХ-д хамгийн их суудал авсан Ардчилсан нам, ХҮН намд өгсөн. Институцын хувьд бат бөх байх шийдвэр гараасай гэж хүсч байгаа.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Одоо дахиад авлигатай тэмцье гэж байна. Одоо Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ яаж шийдэх бодолтой байна вэ. Данхгар бүтцээрээ явах уу, эвсэж хамтарч байгаагаас болоод бүтцээ дахиад нэмээд данхайлгах уу. Хувийн хэвшлүүд ажиллаж амьдрах боломжгүй боллоо. Цалингаа тавьж чадахгүй дансаа хаалгасан хэд, хэдэн компани байна?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Танд бүх мэдээллийг авах бүрэн эрх байгаа. Гаднаас харах, дотор орж ирээд хийх хоёрт ялгаа бий шүү. Нэг зүйлийг хүсье. Үнэн байя гэж хүсвэл, зургаан сар ажиллаад өөрийн бодсоноос чинь факт өөр байвал эр хүн шиг үнэнээр нь хэлээрэй.
Олон олон асуудал өөр байдаг юм. Энэ танхимд Авлигын эсрэг шүүх байгуулах тухай асуудал яригдаж байх үед тэр орой сэтгүүлчийг хорих үйл ажиллагаа давхар болж байсан. Н.Алтанхуяг гишүүн мэдэж байгаа. Зөвлөхөө хоригдож байгааг Ерөнхий сайд мэдэхгүй байх тохиолдол байдаг. Энийг чи одоо орж ирээд л ойлгоно.
Хууль хяналтын байгууллага шүүх засаглал дээр асуудлыг гаргаж ирээд тавихад нийгмийн анхаарлыг холдуулах гэж юу болдог вэ гэдгийг. Нийгмийн дуу хоолой болсон төлөөлөл парламентад орж ирсэнд баяртай байгаа.
Хэрвээ худлаа байвал баригдана. Биеийн хэлэмжээс авахуулаад дороо баригдана. Олон олон мэдээллүүдийг дотроос нь үнэн зөв ойлголт өгөх боломжтой. Мэдээллийг ил тод нээлттэй байлгахад хамт байхыг хүсье. Эдийн засгийн үзүүлэлтүүд ДНБ 1000 ам.доллараар ахисан байгаа. Бодитой тоогоо яриад явахгүй бол” гэв.