УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр МАН УИХ-ын 126 суудлаас 68-ыг нь авснаар Засгийн газраа байгуулах боломжтой болсон.
Гэвч тус намын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-д суудалтай АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулах чиглэлд зөвшилцөхөөр УИХ-ын дарга болсон Д.Амарбаясгалан, МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар нарыг багтаасан Ажлын хэсгийг байгуулсан.
Тиймээс өчигдөр Төрийн ордонд Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж хамтарсан Засгийн газарт орох эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус намаас Засгийн газарт орж ажиллах байр сууринд санал нэгджээ.
Улс төрийн зөвлөл нь 55 гишүүнтэйгээс хуралд 46 гишүүн оролцож 32 нь хамтарсан Засгийн газарт орж ажиллахыг дэмжсэн байна.
Засгийн газрын бүтэц тодорхой болоогүй байгаа боловч яамдын бүтцийг өөрчлөх, шинээр яам байгуулах асуудлууд ч хөндөгдөж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрын бүтцээ Шинэ Зеланд, Англи, Канад зэрэг орнуудын жишгээр 20-23 сайдтай байгуулахаар ярьж байгаа гэх.