Үндэсний баяр наадмаар 10-15-нд бүх нийтээр амарна

Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадам 10 хоногийн дараа болно.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Хосбаяр энэ тухай “Үндэсний баяр наадмын хөтөлбөр эцэслэгдэн батлагдсан. Долдугаар сарын 10-12 өдрүүдэд зохион байгуулагдана” гэлээ.

Энэ жилийн Үндэсний баяр наадмаар илүү шинэлэг арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байгаа аж.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалангийн мэдээллээр “Долдугаар сарын 5-н гэхэд бүх зүйл бэлэн болсон байхаар гүйцэтгэгч байгууллага ажиллаж байна. Бид зургаан том, гурван жижиг нийт есөн ширхэг ариун цэврийн өрөөг шинээр байгуулж, мөн өмнөх ариун цэврийн өрөөнүүдийг сайжруулаад тоноглолуудыг нь шинэчлэн ашиглалтад оруулна. Суудлынхаа тоогоор энэ жил 12 мянган хүн наадам үзнэ гэсэн тооцоо байгаа” гэнэ.

Монгол Улсын Бүх Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадмаар зургаан хоног амардаг болсон. Тус хуулийн 4.1.1-т зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 10,11,12,13,14,15″ гэж заажээ.

Тиймээс энэ жилийн наадмаар долдугаар сарын 10-15 өдрүүдэд бүх нийтээр амрах юм.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn