УИХ-ын сонгууль энэ сарын 28-нд болох тул Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ыг хойшлуулж ирэх сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болоод байна. Энэ жил 36 мянга гаруй шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Элсэлтийн шалгалтад орох хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж очих ажээ.
-Бүртгэлийн хуудас / Шалгуулагч eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулах юм. 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байх аж.
-Суудлын хуваарь / Шалгуулагч eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна/
-Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
-Иргэний үнэмлэх. Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол e-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.
Шалгалтад орох үед зарим хүүхдүүд сэтгэл зүй нь тогтворгүй болдог. Ингэснээс үүдэж анхаарал төвлөрөхгүй байх, санасандаа хүртэл материалаа хийж чадахгүй зэрэг асуудал гардаг. Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс “Элсэлтийн шалгалтад” шалгуулагчдадаа гуравдугаар сарын 1-ээс эхлэн мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар нийт 550 гаруй шалгуулагчдад чатбокс, утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө өгсөн байна.
8808 1549, 8955 1549 дугаарт ажлын өдрүүдэд 08:30–17:30 цагийн хооронд холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө авч болох аж. Мөн шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах боломжтой юм байна.