Улаанбаатар хот метротой болоход зөвлөх үйлчилгээ үзүүлэх II шатны сонгон шалгаруулалтад Орос, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн компани бичиг баримтаа ирүүлсэн тухай мэдээлж байсан.
Эдгээр дөрвөн компаниас БНСУ-ын “Dohwa Engineering” Co, Ltd шалгарсан болохыг хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр зарлалаа. Тендерийн үнэлгээний хороо тус компанийг сонгожээ. Метроны бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхэлнэ гэж тэрбээр мэдэгдлээ.
Уг шийдвэрийг “Dohwa Engineering” компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор ямар нэгэн маргаан гарахгүй бол тав хоногийн дараа гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийх ажээ.
“Dohwa Engineering” Co, Ltd 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Тус компани Ази, Африк, Латин Америкийн орнуудад метроны төсөл хэрэгжүүлжээ.