Хүний хөхөнцөр вирусын вакциныг ирэх 9-р сараас 11 настнуудад хийж эхэлнэ

2024 оны есдүгээр сараас хүний папиллома буюу хөхөнцөр вирусийн халдварын эсрэг вакциныг 11 настай охид, хөвгүүдэд хийж эхлэхээр болжээ. 2023 оны 10-р сард Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх вакцинд оруулжээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12-р сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, заавал хийх товлолд багтаасан байна.

Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар:
Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилгууд ордог.

Папиллома вирус нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг гол вирус бөгөөд бэлгийн замаар дамждаг хамгийн түгээмэл халдварт тооцогдох болжээ.
2020 оноос хүний папиллома вирусийн вакциныг Монголд сайн дурын үндсэн дээр хийж эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сараас ийнхүү албан ёсоор хийж эхлэх нь.

Дархлаажуулалтын үндэсний товлолын мэдээллийг ЭНД-ээс уншаарай.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn