Шинэ хоршоо хөдөлгөөн “Хангайн бүсийн уулзалт хэлэлцүүлэг”-т Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын 300 гаруй хоршоологчид оролцож байна.
Хэлэлцүүлгийн нээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Дөрөвдүгээр сарын 29-нд Өвөрхангай аймагт Хангайн бүсэд Шинэ хоршоо хөдөлгөөнийг нээж байсан.
2024 онд зас цудын нөхцөл байдал МАА-н салбарт маш их хүндрэлийг авч ирсэн. 7.2 сая ширхэг мал хорогдож, 10 гаруй мянган өрхийн малын 50-иас дээш хувь нь хорогдож эхэлсэн. Мал хорогдолт хэвийн үзэгдэл мэт явж ирсэн. Малчид яаж ажиллаж, амьдрах вэ гэсэн шинэ сонголт руугаа, хот руу, суурин газар луу явж эхэлсэн энэ үед Шинэ хоршоо хөдөлгөөн эхэлсэн.
Энэ бол амьдралаас ургаж гарч ирсэн хөдөлгөөн. Хөдөөд хүн амын төвлөрлийг бий болгох, МАА-н салбарт ажиллаж буй хүчнийг залуужуулах, тэнд амьдрал бий болгох зорилготой.
Шинэ хоршоо хөдөлгөөн нь дараах зорилгын хүрээнд ажиллаж байна.
- Санхүүжилтын шинэ хэлбэрийг бий болгох буюу жилийн 6 хувийн хүүтэй зээлийг бий болгох
- Шинэ цагийн бизнесмен малчныг бий болгох буюу малчин өөрөө илүү чинээлэг, чанартай амьдрах. Малчин гэж хэн бэ гэхээр мал малладаг хүнийг л малчин гэж ойлгодог. 50 гаран насны мал малладаг эхнэр, нөхрийг малчин гэж ойлгодог болчихож. Хоршоолох хөдөлгөөн нь шинэ цагийн илүү бизнесмен малчныг бий болгох зорилготой.
- Амьдралын шинэ хэв маягийг бий болгох буюу сарын орлогыг гурав дахин нэмэгдүүлэх боломжийг олгоё. Хот суурин газар бараадаж явах шаардлагагүй болгож орон нутагтаа бизнес хийж амьдрах боломжийг нь олгоё.
- МАА-н салбарын шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргах. МАА-н салбараас зөвхөн мах, сүү гардаггүй. Үйлдвэрлэл хийвэл орлого олох боломж байна. Архангайн малчин өрх гэхэд зөвхөн цагаан идээ үйлдвэрлэж, жилд 200 сая төгрөгийн орлого олсон тохиолдол байна” хэмээн ярилаа.