Баруун бүсийн хоршоологчдын зөвлөгөөнийг Завхан аймагт өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэллээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2500 орчим хоршоо шинээр байгуулагдсаны 648 нь баруун бүсэд байгаа аж. Тус бүсийн 6746 малчин “Шинэ хоршоо”-нд нэгджээ. Мөн өнгөрсөн хугацаанд хоршооны гишүүн малчдад арилжааны банкуудаас 21.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгоод байгаа аж. Ингэхдээ нийт олгогдсон зээлийн 18.6 тэрбум нь Зээлийн батлан даалтын сангаар батлан даалгасан байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Малын тоо хэт ихсэж, мал дээрх ажиллах хүч эрс дутагдаж, малаа маллаж дийлэхгүй, малынхаа түүхий эд, бүтээгдэхүүнийг авч, боловсруулалтад хүч дутагдаж байна. Шинэ хоршоо хөдөлгөөн нь хамтдаа хоршиж, анхан шатны дунд шатны үйлдвэрлэлийг бий болгож, нэмүү өртгийг шингээж, илүү ашиг олдог байх боломжийг бүрдүүлнэ.
Засгийн газрын зүгээс байгуулагдсан хоршоодыг бойжуулах, хөл дээрээ тогтвортой зогсох, цаашлаад тогтвортой бизнес эрхлэх боломжийн төлөө хөтөлбөрүүдийг урт хугацаанд хэрэгжүүлнэ.
Хоршоо цаашдаа эрсдэлд тэсвэртэй мал аж ахуйн салбарыг бий болгох зорилготой. Тэнцвэртэй МАА-н салбар хадгалагдаж үлдэх ёстой. Бэлчээрийн МАА эрсдэлд тэсвэртэй байх ёстой. Илүү нэмүү өртөг шингээж чаддаг байх ёстой. Бүтэн эрчимжсэн фермерийн МАА-г хөгжүүлэх ёстой.
Уламжлалт, хагас эрчимжсэн, бүтэн эрчимжсэн МАА-г бүгдийг нь хөгжүүлнэ.
Олон улсын жишигт нийцсэн МАА-н салбарыг бий болгоё. МАА-н салбараас гарч буй түүхий эд, бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай байх ёстой” гэлээ.