Нийслэл хотын МЕТРОГ засах засварчингуудыг одооноос бэлтгэж эхэлжээ

Нийслэл хот, нийтийн аж ахуйн нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор тус салбарт ажиллаж буй албан хаагчдын хүүхдүүдийг Герман улсад сургахаар болсон.

Тэгвэл эдгээр нарийн мэргэжлүүд дотор метроны засварчин багтжээ.

Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн хот нийтийн аж ахуйн салбарт тогтвор, суурьшилтай ажиллаж буй албан хаагчдын 18-22 насны хүүхдүүдийн судалгааг авч, сонгон шалгаруулалтын хүрээнд ганцаарчилсан ярилцлага хийж, сонгон шалгаруулалтад тэнцсэн 60 хүүхэд болон тэдгээрийн эцэг эхтэй сургалтын гурвалсан гэрээ байгууллаа. Гэрээ байгуулсан хүүхдүүд эх орондоо “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ-ын Герман хэлний мэдлэг дээшлүүлэх сургалтад 11 сар хамрагдах юм. Үүний дараа хэлний шалгалтдаа тэнцсэн тохиолдолд Герман Улсад дараах нарийн мэргэжлээр гурван жил суралцана.

Энэ үеэр НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачлаагаар хот нийтийн аж ахуйн 13 мэргэжлээр 100 хүүхдийг ХБНГУ-д сургахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдөр Герман улсад сурах 60 хүүхэд болон тэдний эцэг эхтэй гурвалсан гэрээ байгууллаа. Гэрээ байгуулсан хүүхдүүд маргаашнаас хэлний бэлтгэлийн сургалтад хамрагдаж эхэлнэ” гэдгийг онцоллоо.

Герман улсад дараах 13 мэргэжлээр суралцана.

-Метроны засварчин
-Нийтийн тээврийн инженер, засварчин
-Дулааны слесарь
-Цахилгаанчин
-Агуулах, ложистикийн мэргэжилтэн
-Үйлдвэрийн механикжуулалт, Мехатроник,
-Гүний барилга байгууламжийн инженер, мэргэжилтэн
-Металл
-Хүнсний технологич
-Систем, интеграцчлал мэдээллийн технологийн мэргэжилтэн
-Бетон ба төмөр бетоны мэргэжилтэн
-Токерчин
-Цэцэрлэгжүүлэлт, ландшафт

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn