“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-өөс “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл өгч байна.
Тус төвийн захирал Ё.Азжаргал дараах мэдээллийг өглөө.
Дөрөвдүгээр сарын 24-нөөс өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 1400 гаруй хоршоо шинээр байгуулагдсан байна. 600 гаруй хоршоо банкинд материалаа өгснөөс 150 гаруй хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авчээ.
Нийт 10 тэрбум орчмын хөрөнгө оруулалтын зээл малчдад очлоо. Үүний цаана 1000 гаруй малчид амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр ажиллаж байна.
Мөн сонгуультай холбоотойгоор малчдыг “мэдлэггүй, чадваргүй, хөрөнгө оруулалтын зээл аваад үрээд дуусчихна, дампуурна” гэж басамжилж, доромжилж байна. АН, тэр дундаа намын дарга Л.Гантөмөр, УИХ-ны гишүүн Б.Пүрэвдорж нар Монгол Улсад байгаа 180 гаруй мянган малчдаас уучлалт гуйхыг тус төвөөс шаардлаа.
Архангай аймгийн Цахир сумын малчин н.Баяндүүрэн “Шинэ хоршоо хөдөлгөөнд элсэж, нийт 16 өрхийн 500 сая төгрөгийн зээлээ авсан. Арвин мөнгөтэй, урт хугацаатай, хүү багатай зээл учраас хөл дээрээ түргэн хугацаанд босоод ирэх боломжтой гэж харж байгаа. Хөрөнгө оруулалтын зээлээ МАА дээрээ түшиглэж зарцуулна. Өнгөрсөн жил маш их хохирол амссан. Жилийн өндөр хүүтэй малчны зээлтэй харьцуулахад хүү нь гурав дахин бага. Энэ боломжийг ашиглаж түргэн хугацаанд амьдралаа дээшлүүлэх, хамтаараа өвөлжөө бууцаа сонгох, хадлангаа бэлдэх зэргээр зудын эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж харж байна. Хоршоонд нэгдэж буй малчид нилээд хохирол амссан, шантарсан хүмүүс байна” гэлээ.