Чой Жин Вон: Монгол, Солонгосын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд онцгой анхаарна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр, хүргэж, амжилт хүсэв. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.

Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түүний дотор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах, иргэд харилцан зорчих таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр Элчин сайдыг идэвх зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэж буйгаа хэлэв.

Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсад дахин томилогдож, энэ удаа Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр хоёр улсын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжих, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр онцгой анхаарч ажиллана гэсэн юм.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn