Непалын Аялал жуулчлалын газрын уулын авиралтын хэсгээс Монголын уулчдын осолдсон шалтгааны талаар мэдэгдэл гаргалаа.
Авиралтын хэсгийн дарга Ракеш Гүрүн “Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг тавдугаар сарын 17 буюу баасан гарагийн өглөө 8750 метрийн өндөрт, шатан дээр гацаж дүүжлэгдсэн байдалтай олсон. Харин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг нэг өдрийн дараа 8300 метрийн өндөрт хадан цохионд хавчуулагдсан байхыг бид олсон. 8К-гийн шерпа нарын хэлснээр тэд маш их ядарч туйлдсан, хүчилтөрөгчийн дутагдалд орсны улмаас амь насаа алдсан гэж таамаглаж байна.
Уулчин Ц.Өсөхжаргал түрүүлж унасан байж магадгүй, харин Л.Пүрэвсүрэн түүнд туслах гэж оролдсон бололтой байсан. Гэвч мөн л цаг агаарын таагүй нөхцөл байдал, хүчилтөрөгчийн дутагдал зэргээс шалтгаалан Ц.Өсөхжаргалд туслах боломжгүй болж хадан цохио руу унасан байх магадлалтай юм. Гэхдээ тэдэнд яг юу ч тохиолдсоныг хэн ч хараагүй учраас эцсийн байдлаар дүгнэх боломжгүй юм.
Уулчдын гэр бүлийнхнэн Катмандуд ирсэн. Тэдний хүсэлтийн дагуу хоёр цогцсыг буулгахаар хичээн ажиллаж байна. Гэвч хадан цохион дунд гацсан Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг буулгахад нэн хүндрэлтэй нөхцөл байдалд байна. Непалын аялал жуулчлалын газрын уулын авиралтын хэсгээс Монголын хоёр уулчин авиралтаа амжилттай дуусгаж, оргилд гарсан гэдгийг албан ёсоор баталж байна.
Хамгийн сүүлд тэднийг тавдугаар сарын 13-ны өдөр 4-р кэмпийн дээхэн талд Балбын уулчид харсан. Балбын уулчдын хувьд дээр цаг агаар муу гэж үзсэн учраас буцах шийдвэр гаргасан бол Монголын уулчид авиралтаа үргэлжлүүлжээ. Мөн манай хоёр уулчин холбооны төхөөрөмж, станцаа IV кэмп дээр орхисон байсан. Ямар шалтгаанаар орхисон гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Тэдэнтэй холбоо барих боломжгүй байсан учраас цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг авч чадаагүй байх магадлалтай. Монгол уулчдын хийсэн бичлэгт цаг агаар тогтуун мэт харагдаж байгаа боловч нөхцөл байдал удалгүй хүндэрсэн” гэж мэдэгдлээ.