-Баруун бүсийн 2 дугаар тойрогт нэр дэвшигчид 17 хоногт дөрвөн аймгийг тойрно-
Энэ удаагийн сонгуульд улстөрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодрууллаа. Энэ сарын 25-нд нэр дэвшигчдээ Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлнэ.
2024 оны УИХ-ын сонгуулийн тойргийг урьд өмнө нь хэрэгжүүлж байгаагүй хувилбараар байгуулсан. Өмнө нь улстөрчид буюу нэр дэвшигчид ганцхан аймаг, дүүрэгтээ сурталчилгаа явуулдаг байсан бол энэ удаа хамгийн их нь дөрвөн аймаг, гурван аймагт сурталчилгаа явуулахаар хуульчлагдсан.
Тиймээс олонд танигдсан бас мөнгөтэй нэр дэвшигчдид энэ нь давуу тал болж байна. Нэр дэвшээд л шууд сурталчилгаанд гараад явчих ойлголт байхгүй.
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-26-ныг дуустал буюу 17 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд нэр дэвшигчид дөрвөн аймаг, гурван аймгаар явж сонгогчидтой уулзалтаа хийж, сурталчилгаа явуулна.
Сонгогчид ч хариуцлагатай байх цаг үе ирж байна. Дөрвөн аймгийг нийлүүлэн нэг тойрог болгосон ч монгол хүний цусанд хадгалагдан ирсэн жалга довны үзэл энэ сонгуульд нөлөөлнө. Тухайн аймгийн сонгогчид бусад аймгаас гаралтай улстөрчдийг сонгох нь юу л бол. Сонгогдсон улстөрч ч нэн тэргүүнд нутгаа л гэнэ.
Сонгогчид та бид төрийн эрхийг барьдаг ганцхан өдрөө хариуцлагатай байх хэрэгтэй. Дараа нь цөөнх нь олонхоо хүндэтгэдэг ардчиллын зарчмаар сонгогдсон УИХ-ын гишүүдээ харааж суухын оронд өөрөө сонголтод оролцох нь чухал. Бас сонгуулийг зохион байгуулж буй зардал нь таны татварт төлсөн мөнгө гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв сонгуулийн ирц бүрдэхгүй бол энэ мөнгө үр дүнгүй зарцуулагдаж дахин зарлага гаргах шаардлагатай болно.