Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн автобусны жолооч нарт хариуцлага тооцохыг Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Д.Отгонжаргалд даалгажээ.
Тэрбээр “Бид нийтийн тээврийн автобусны жолооч нарын цалинг нэмсэн.
Одоо манай жолооч нар үйлчилгээндээ анхаарах цаг болсон.
Ажлаа хийж байхдаа тамхи татдаг, байнга утсаар ярьдаг, зорчигчдоос бэлэн мөнгө авдаг, зорчигчидтой бүдүүлэг харьцдаг зэрэг зөрчил гаргавал хариуцлага тооц. Ажлаас нь чөлөөл. Арынх нь хүмүүс зөндөө байгаа. Ажлаа хийе гэсэн сэтгэлтэй хүмүүсээр л ажлыг нь хийлгүүлэе.
Дэмбээний хайрцгийг онгойлгож, орлого нэмэгдүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна.
Автобус компаниуд жолооч нарынхаа камерийн хяналтыг сайжруул, өдөржингөө камер дээр хүн суулга. Зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцдог тогтолцоог бий болгоно” гэлээ.