Ж.Сүхбаатар: Д.Сумъяабазарын үед олон жилийн хугацаанд парк шинэчлэл хийж чадаагүйгээс 100,100-гаараа овоорчихсон байсан

УИХ-ын түр хорооны Ногоон автобусны худалдан авсан талаарх сонсгол өнөөдөр эхэллээ.

Ногоон автобусны Сонсгол:

-УИХ-ын гишүүн Д.Батлут “Танилцуулгын 15 дахь хуудаст худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлийг үндэслэжээ. Энэ чиглэлээр гаргадаг нь ямар учиртай юм бэ. Автобус авах нь нууцын зэрэглэл, үндэсний аюулгүй байдалтай ямар хамааралтай гэж үзсэн бэ. Нууцын зэрэглэлд оруулаад асуудал бий болдог тал бий. Яагаад гэдэг асуултад хариулж өгөөч?

Хоёрт, тав хоногийн хугацааатай хоёр бичгийг хоорондоо солилцжээ. Эхлээд евро 4 автобусыг 600-гаас доошгүй авна гэсэн бол дараа нь евро 5 хөдөлгүүртэй автобусыг 470-ыг авна гээд. Энэ тоо чинь өөрөө та бүхний судалсан үнээр, батлагдсан төсвийн хүрээнд тооцсон тооцоолол мөн юм уу?”

Хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ “Шинжээчийн дүгнэлтэд танилцуулсан төрийн нууцад хамааруулсан гэдэг дүгнэлт буруу. Төрийн нууцад хамааруулаагүй. Нийтийн тээврийн худалдан авалтыг нууцад оруулах ямар ч боломжгүй, ил тод нээлттэй байх ёстой. Эхнээсээ ийм буруу мэдээлэл олон нийтэд цацаж, улс төрийн тоглолт явуулсны дараа хуулийн байгууллага оролцдог буруу жишиг тогтлоо. Хууль зүйн дүгнэлтийг танилцуулъя. УИХ-аас 2005 онд баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйл өөрөө хоёр нөхцөлтэй. Нэгд, хуулиар төрийн нууцад хамааруулсан. Хоёрт, үндэсний аюулгүй байдалтай холбоотой тодорхой бараа ажил үйлчилгээ, техник хэрэгсэл худалдан авахтай холбоотой харилцаа. Энэ худалдан авалттай холбоотой ажлыг анх зохион байгуулахад нийслэлд түгжрэл, үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудал үүссэн байсан.

Нийт 2022-2024 оны байдлаар 856 автобус үйлчилгээнээс гарах нөхцөл байдал үүсч, 2022 онд 586 автобус насжилт нь дуусч, 1.6 сая зорчигчдын аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх нь зөрчигдөж байсан.

Үүнтэй холбоотойгоор Стандарт хэмжилзүйн газрын даргын тушаал гарч, хориглоно гэдэг стандартын хэрэгжилтийг зогсоосон. Өөрөөр хэлбэл 12 жилээс дээш хугацаанд үйлчилгээнд явсан автобусыг явуулахыг хориглосон байсан. Энэ үйлчилгээг зогсоож, парк шинэчлэл эхэлсэн. Түгжрэл, зорчигчдын аюулгүй асуудлаар хотын даргаас 2022 оны наймдугаар сарын 15-нд чиглэл хүсэх тухай бичиг явуулж, бүх үндэслэлийг дурдаж, 10-аад автобус шатсан. Азаар хүн өртөөгүй. Тиймээс 3.4 зүйлд заасан үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын техник тоног төхөөрөмж, байгууламж, ажил үйлчилгээнд хамаарах эсэх талаар хамтран ажиллана уу гэдэг хүсэлт өгсөн. Хариуд нь Тагнуулын ерөнхий газраас 2022 оны наймдугаар сарын 18-нд 1080 гэдэг бичиг ирсэн. Дураараа шийдвэр гаргаагүй”.

Гэрч С.Жавхланбаатар “Миний бие нийтийн тээврийн газрын даргаар 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нд ажлаа авсан. Бүх тооцоо судалгааг хийсэн байсан. Евро 5-ыг евро 4 болгох гурван шалтгаан байсан. Төсөвт тааруулж автобусаа нэмэх, евро 5 түлшний чанарын асуудал байдаг, нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүд өнөөгийн техникийн эвдрэл гэмтэл их ярьдаг байсан. Өөрсдийнхөө цаашид ашиглах хугацаагаа бодолцсон санал хүсэлт ирүүлж байсан. Тэгээд евро 5 хөдөлгүүр дээрээ техникийн тодорхойлолтоо хийж, бүрдүүлсэн юм”.

-УИХ-ын гишүүн Д.Батлут “Евро 4 хөдөлгүүртэй 600, евро 4 хөдөлгүүртэй 470 автобус авах бичгийг тав хоног солилцсон. Төсөвт өртөгтөө багтааж тооцож гаргасан тоо юм уу. Авсан үр дүнтэй холбоотой асуудалд холбогдоно. Нийт 606 автобус авна гэчихээд 600 автобус авсан. Зургаан автобусны зөрүү гэхэд хоёр тэрбум төгрөг болж байгаа. Энэ 130 автобусны зөрүү ямар учиртай юм бэ. Тодорхой хариулт хэлээд өгөөч?

Сайд асан Ж.Сүхбаатар: “Ойлгож байна. Би анхны түр хороог удирдаж байсан. Зорилго нь иргэдэд мэдээлэл өгөх асуудал. Сугалж аваад худалдан авалтаар сонсгол хийж байгаа нь дэлхийд байхгүй сонсгол. Гэхдээ энэ ажлыг явуулах нь зүйтэй. Ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр 2022 оны есдүгээр сарын 1-нд ажлаа авахад би нийтийн тээвэр хариуцаагүй. Салбар хариуцсан сайд. Нийтийн тээвэр яагаад надтай холбогдсон бэ. Засгийн газрын гишүүнээр томилоход түгжрэлтэй тэмцэх үр дүнтэй бодлогын чиглэлийг надад гаргах даалгавар өгсөн. Би хэдхэн хоногийн дотор бодлогоо тодорхойлж танилцуулсны нэгдүгээрт нийтийн тээвэр байсан. Хоёрт, замын хөдөлгөөний зохион байгуулалт, авто замын сүлжээ байсан. Хот төлөвлөлт, соёл гэгээрэл, албадлага гээд таван арга хэмжээг тодорхойлсон. Тэгээд удаагүй байхад төсөв боох асуудал яригдсан. Нийтийн тээврийн парк шинэчлэл надаас өмнө 2022 оны тавдугаар сарын 18-нд Засгийн газрын хуралдаанд Д.Сумъяабазар дарга асуудлаа танилцуулж, 101 чиглэлд 985 автобус явж байна. Цаашдаа 124 чиглэлд 1043 автобус явж хүртээмжтэй болно гэдгийг гаргасан. Тэгээд 2021 онд 420 тэрбум төгрөгт хүрч, 70 тэрбумдаа багтаан парк шинэчлэл хийе гэж байхад намайг орж ирэхэд улаан автобусны санхүүжилт нь гацсан байсан. Энэ асуудал шийдэгдсэн. Би орж ирээд автобустай ноцолдъё гэсэн бодлого байгаагүй. Түгжрэлтэй үзэх суурь асуудал нь нийтийн тээвэр байсан. Өдөрт 500-600 мянган зорчигч хөдөлгөөн хийдэг. Энэ автобуснууд нь 2025 гэхэд бүгд насжилт нь дуусахаар болсон байсан. Бас 10 жил хугацаатай ашиглах автобусыг хоёр жилээр сунгасан байсан. Д.Сумъяабазарын үед олон жилийн хугацаанд парк шинэчлэл хийж чадахгүй 100, 100-гаараа овоорчихсон байсан. Энэ асуудал цочирдуулсан. Би хотын асуудал гээд орхиж болох байсан ч энэ асуудал руу орсон юм. Өнөөдөр 2022 оны есдүгээр сараас хойш олон нийт нийтийн тээврийн асуудлаар хүчтэй ярьж эхэлсэн”.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Хэрэгцээ шаардлагыг бид бүгд ойлгож байгаа. Асуудал тулгамдсаныг далимдуулан худалдан авалт, үйл ажиллагаа нь буруу байна гэдгийг иргэдэд үнэн худлаа гэдгээ нотолж ярих хэрэгтэй. Хотын даргын захирамжтай холбоотой эрх шилжүүлэх тухай албан бичиг боловсруулсан, гарын үсэг зурсан хүмүүсийг харахаар дандаа түр орлон гүйцэтгэгч байна. Төрийн албан хаагчийн тогтвортой байдал, эрх зүйн чадамжийн байдал эндээс харагдаж байна. Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Тагнуулын ерөнхий газар руу бичиг явуулсан байна. Сая Д.Мөнх-Эрдэнэ буруу ярьж байна гэлээ. Шинжээчид дүгнэлтийг гаргаж ирээд байхад. Үүнд, ТЕГ-аас нийслэлд нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 2023 онд автобус худалдан авах асуудлаар хотын дарга харьяа байгууллагаас хандаагүй байна гэсэн. Мөн тагнуулын байгууллагаас ажил үйлчилгээг төрийн нууцад хамруулах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй талаарх албан бичгийг хотын даргад хүргүүлжээ. Яагаад улаан цайм худлаа яриад байна вэ. Түмэн олон сонсч байгаа шүү” гэв.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn