Сэрэмжлүүлэг: Нэг болон дөрвөн настай хүүхдийг дайрч, амь насыг нь хохироожээ

Тээврийн Цагдаагийн албанаас нийт жолооч нарт хөдөлгөөн эхлэхдээ анхаарал, болгоомжтой байхыг анхаарууллаа.

ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир:

2021 онд хөдөлгөөн эхлэх дээ зам орчноо шалгаагүйн улмаас 23 хүүхдийн амь нас хохирсон. Насны хувьд ой гарантайгаас 4 хүртэлх насны хүүхдүүд. 2022 онд 14 хүүхэд тээврийн хэрэгслийн сохор бүсэд байсны улмаас амь насаа алдсан. 2023 онд 8 тохиолдол бүртгэгдэж байсан. Он гараад 2 тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс энэ талаар сэрэмжлүүлж байгаа юм. Энэ онд болсон хоёр тохиолдлыг товч дурдъя.

Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн орчимд Harrier маркийн автомашинтай хөдөлгөөн эхлэх дээ 4 настай эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг хохироосон.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт дөрөвдүгээр сарын 16-ны 13 цагт хөдөлгөөн эхлэх дээ приус-20 маркийн автомашинаар дөнгөж ой хүрч байсан охиныг дайрч амь насыг нь хохироосон.

Он гарснаар хөдөлгөөн эхлэхдээ хүүхдийн амь насанд хүрсэн хоёр тохиолдол бүртгэгдчихээд байна.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд өртсөн 274 осол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. 274 ослын улмаас 297 хүүхэд гэмтэж, бэртсэн. 12 хүүхдийн амь нас эрсэдсэн байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn