2024-2025 оны хичээлийн жилд гурван ээлжинд шилжих эрсдэлтэй 14 сургууль бий. Үүнээс 10 сургуульд онцгой арга хэмжээ авч, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд БШУЯ болон Улаанбаатарын хотын захирагч хамтран ажиллах чиглэл авсан.
Гурван ээлжинд шилжих эрсдэлтэй сургуулиудын тоог бууруулахаар 11 байршилд 5980 хүүхдийн суудалтай сургуулийн төсөл арга хэмжээг шинээр эхлүүлнэ. Мөн энэ онд нийтдээ 40350 хүүхдийн хүчин чадалтай 86 төсөл арга хэмжээг дуусгахаар боллоо.
Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсдэг шалтгаан нь жил бүр 75-80 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэж байхад 30-35 мянган хүүхэд сургуулиа төгсдөг. Жилд 30-40 мянган хүүхдийн шинэ хэрэгцээ үүсдэг гэсэн үг. Ойрын 5-8 жилд энэ хэрэгцээ байх болно.
Иймээс сургуульгүй хороо, хороололд газар чөлөөлөх арга хэмжээг нийслэлтэй хамтарч хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил зургаан сургуульд энэ арга хэмжээг авсан нь үр дүнгээ өгсөн..
2024 онд нийслэлд сургуулийн 12 барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авна.
- Баянгол дүүрэгт 28 дугаар сургуулийг хэсэгчилж хүлээж авна,
- Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургуулийн өргөтгөлийг хүлээж авна,
- Сүхбаатар дүүрэгт 2 дугаар сургуулийн барилгыг хэсэгчилж хүлээж авна,
- Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургуулийн барилгыг ашиглалтад хүлээж авна,
- Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд бага сургуулийн цогцолборыг ашиглалтад хүлээж авна,
- Хан-Уул дүүрэгт 8 дугаар хорооны сургуулийн барилгыг хэсэгчилж хүлээж авна,
- ХААИС-ийн өргөтгөлийн барилгыг хэсэгчилж хүлээж авна,
- Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар өргөтгөлийг барилгыг эрчимжүүлж, ашиглалтад хүлээж авна” гэв.