Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь зөвхөн малчдад төдийгүй нийт иргэдэд дарамт болж буй үнийн өсөлтийн суурь шалтгааныг арилгах зорилготой гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
Тэрбээр “МАА-н салбарын хөгжлийг бодитой нэмэгдүүлэхгүй бол тогтвортой ханган нийлүүлэлт тасалддаг.
Мах, сүү, малын гаралтай түүхий эдийн үнэ улирлын шинж чанартай байдаг. Улаанбаатарчууд махыг намартаа хямд үнээр хэрэглэдэг бол бусад үед үнэ нь өндөр хэлбэлзэлтэй байдаг.
Мөн манайд мах, сүү, гурил зэрэг бүтээгдэхүүн инфляцийн 50 хувийг бүрдүүлдэг. МАА-н салбарыг хөгжлийг дэмжиж, тогтвортой болгосноор үнийн хөөрөгдлийн суурь шалтгаан арилна.
Малчид маань хөгжиж, шинэ шатанд гарах шаардлагатай байна. Жил болгон зуд болохоор татвар төлөгчдийн мөнгөөр хандив, тусламж үзүүлдэг байдлаасаа татгалзах шаардлага үүссэн. АН-ыхны зүгээс малчдад хүчээр хоршоог тулгаж байна гэж ойлгоод байх шиг байна.
Хүнийг хүчээр ажил хөдөлмөр эрхлүүлэх, хүчээр зээл өгөх асуудал энэ ардчилсан нийгэмд байхгүй. Эдийн засгийн боломж дээрээ тулгуурлаж анхан шатны үйлдвэрлэл эрхлэх боломжоор хангах нь Засгийн газрын үүрэг.
Малчдад олгогддог байсан арилжааны банкны зээл 20-24 хувийн хүүтэй. Жилийн зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын боломжийг малчиддаа өгснөөр малчид маань өөрсдөө үйлдвэрлэл эрхлэх боломжийг нь бий болгож байна. Мал маллах ухаан нь байгаад эдийн засаг нь боломж нь байхгүй бол тэр боломжийг нь болгох алхамыг Засгийн газар бий болгож байна.
Эцэст нь хэлэхэд, сонгууль болж байна гээд иргэдийн амжиргааг сайжруулах ажлаа хойш тавьж болохгүй” хэмээлээ.