“Цагаан суварга”,“Нарийн сухайт”-ын ордуудын 34 хувь хэзээ Баялгийн санг зузаатгах вэ?

Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ саяхан баталсан. Хуульд зааснаар уг   сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван төрөлжсөн сангаас бүрдэнэ.

Гурван төрөлжсөн сан гурвуулаа өөр, өөрийн үүрэг, зорилготой.

Эндээс Хуримтлалын санг онцольё. Хуульд тусгаснаар “Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх” зорилготой.

Хуримтлалын санг Сингапурын Хуримлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд зориулах аж.  Хууль батлагдмагц  “Эрдэнэт” үйлдвэрийн 34 хувь, Оюутолгойн 34 хувь, Тавантолгойн 34 хувь Хуримтлалын санд  шилжсэн бол “Эрдэнэс Монгол” нэгдэл 500 тэрбум төгрөгийг энэ санд шилжүүлж, орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэгдүүлээд байна.

Мөн Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран ажиллаж орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөг болгож, 10.000 айл, өрх орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боллоо.

  Үндэсний баялгийн сангийн хуульд зааснаар Хуримтлалын сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

  • Уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг;
  • Уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь ба түүнээс дээш бол түүний төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлнэ.

Энэ хоёр заалтын дагуу эхний ээлжинд дээрх хувьцаат компаниудын төрийн мэдлийн 34 хувь ийнхүү төвлөрсөн.

Тэгвэл Хуримтлалын сангийн дараагийн эх үүсвэрүүд юу байх вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн удаа дараа мэдэгдэж байгаагаар  МАК компанийн мэдэлд байгаа “Цагаан суварга”-ын ордын асуудлыг эргэн авч үзэж төр 34 хувиа буцааж авах аж. 2014 онд  уг ордын 34 хувийг төрд авахгүй хэмээн тэр үеийн УИХ-ын шийдэж байв.

Мөн “Энержи ресурс” хэмээх МСS тэргүүтэй компаниудын консорциумаас “Ухаа худаг”-ийн уурхайн 34 хувийг шилжүүлэн авах бололтой.

Мөн УИХ-аас  2007 онд батлагдсан стратегийн ордын жагсаалтын нэгдүгээр хавсралтад багтсан ордууд болон тус тогтоолын хоёрдугаар хавсралтад багтсан ордуудын 34 хувийг мөн энэхүү сангийн хөрөнгийн эх үүсвэр болгох бололтой. “Эрдэнэт”, “Оюутолгой”-н овоолгоос үүссэн үүсмэл ордуудын 34 хувь ч үүнд хамаарах аж. Тиймээс ч “Эрдэнэт”-ийн овоолгыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан авсан “Ачит Ихт” ХК тойрсон асуудлууд үүсээд байгаа. Одоогоор уг асуудалд хууль хяналтынхан шалгалтын ажил хийж байна.

Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ MSC-ийн Ж.Оджаргал, МАК-ын Б.Нямтайшир нарт хандан  эзэмшиж буй ордынхоо 34 хувийг төрд өгөө хэмээн мэдэгдээд буй.

МАК компани гэхэд бүр 2005 онд стратегийн ордуудын нэг Нарийн Сухайтын нүүрсний ордод Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тэр үед Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж, Сангийн сайдаар Н.Алтанхуяг нар ажиллаж байлаа. Мөн үед Оюутолгойн гэрээний асуудал яригдаж Их тэнгэрт “Айвенху Майнз”-ийн Р.Фридланд, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нар уулзаж хэвлэлийнхэнд мэдэгдэл хийж байлаа.

Тэр үед Нарийн сухайтын хөрөнгө оруулалтын гэрээний  тухай асуусан сэтгүүлчийн асуултад  Ц.Элбэгдорж хариулахдаа “Оюутолгой бол хэмжээгээр сагсны  бөмбөг гэсэн үг. Харин Нарийн сухайт бол түүний хажууд одон бөмбөг гэсэн үг” хэмэн хариулж байжээ.

Тэгвэл Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үе буюу 2014 онд “Цагаан суварга”-ын зэс молибдений ордыг МАК-т 100 хувь өгсөн. УИХ-аар  34 хувийг төрийн мэдэлд авах асуудал орж ирэхэд УИХ-ын 53 гишүүн чуулганы санал хураалтад оролцож, 32 нь буюу 60.4 хувь нь дэмжсэнээр 34 хувийг төрд авахгүй гэж шийдсэн байдаг юм. Тэр үед Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн байлаа.

Энэ удаа ч  МАК “…34 хувиа буцаан төрд өгөхгүй” гэсэн байр суурьтай байгааг Үндэсний баялгийн сангийн хууль батлагдахын өмнө тус компаний Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цагаан суварга”-ын 34 хувийг төрд авч, Хуримтлалын сангийн эх үүсвэр болгох ёстой гэж үзэж байхад эзэн суусан МАК-ийн Б.Нямтайшир өгөхгүй гэж мэдэгдээд байна.

2007 онд  УИХ  Стратегийн ордын жагсаалтыг баталсан бөгөөд уг тогтоолын 4-р зүйлд  “Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ”-г тогтоох асуудлыг тусгасан уг хэрэгжээгүй өнгөрчээ.

Тэгвэл нэгэнт амилсан Баялгийн санг зузаатгах “Цагаан суварга”, “Нарийн сухайт”-ын ордуудын 34 хувь хэзээ төрд ирэх вэ?

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn