Барилга барих чадваргүй “Монтай бүрд” ХХК-д зөвшөөрөл олгосон нэр бүхий улс төрчид болон тус компанийн захирлууд болох н.Баттүшиг, н.Энхтайван нарт хариуцлага тооцуулахаар хохирогчид БХЯ болон Засгийн газарт шаардлага хүргүүлэхээ мэдээллээ. Тус компани нь 2022 онд “Хөх дэгд” хотхоны 500 байрны захиалга авч, нэг иргэнээс багадаа 20 сая төгрөгийн урьдчилгаа авчээ. Өнөөдөр тус байранд захиалга өгсөн иргэд 2-3 тэрбумаар хохирч, 13 дахь хоногтоо өлсгөлөн зарлаад буй юм.
13 хоног өлсгөлөн зарласан ч тус компанийн зүгээс асуудлыг шийдэхгүй байгаа тул иргэдийн төлөөлөл Төв талбай дээр суулт зарлахаа мэдэгдлээ.
Тэд ийнхүү ярив:
Гал голомтоо бадраагаад, сайхан амьдрах байтал бид бүх юмаа хохирлоо. Барилгын компаниудын чанаргүй төсөл, луйвар, цаашлаад Улаанбаатар хотын төлөвлөлт, төрдөө маш гомдолтой байна.
Барилга, хот байгуулалтын яамныхан, Ц.Даваасүрэн ажлаа хийгээч ээ.
Барилгын компанийн төслүүдийг цэгцлээч ээ, тусгай зөвшөөрлүүдээ анхаараач ээ. Барилгын компаниудад ямар шаардлага, хяналт тавьдаг юм бэ. Хуулийн цоорхой ашиглаж иргэдийг луйвардаж буй луйварчингуудаа цэгцлээч ээ.
Бид улсынхаа төлөө татвараа төлдөг. Гэтэл ийм байхад залуучууд яаж эх орондоо амьдрах вэ.