Б.Жавхлан: “Шинэ хоршоо” өмнө ярьж байсан хоршооноос газар, санхүүжилтийг шийдсэн учир том ялгаатай

Засгийн газраас орон даяар хэрэгжүүлж эхлээд буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийллээ.

Б.Жавхлан “Шинэ хоршоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбарын хууль батлагдсан. Одоогоор хууль, хөтөлбөрийг таньж ойлгуулах, хоршоожих хөдөлгөөнийг бодитой болгох ажил хөдөө орон нутагт амжилттай эхлээд үргэлжилж байна. Хууль батлагдахад дотор нь төсөв суусан. Өмнө нь хүнд цаг үе тохиолдоход төсөв дотор нь зохицуулалт хийх эрхийг УИХ-аас Засгийн газарт олгож байсан. Энэ жил ковидоос дутахааргүй эдийн засаг, нийгэмд хохирол учруулсан зуд боллоо. Эндээс сургамж аваад бид цаашид газар тариалан, уламжлалт мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйг хослуулах зайлшгүй шаардлагатай болж байна. Гол нь энэ ажил руу хугацаа алдахгүй орох нь чухал байна.

Өөрөөр хэлбэл, төсвийн тодотгол хийнэ, эсвэл дараа жилийн төсөв гэж хүлээж суухыг цаг хугацаа, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт өгөхгүй байна. Өнгөрсөн жил болсон үер усны аюул энэ жил дахин болох магадлал өндөр байна. Мөн өнгөрсөн өвлийн цас зуд ирэх өвөл ч давтагдах өндөр магадлалтайг зөвхөн би ч биш дэлхий нийтээр хэлж байна. Энэ жилийн өвөлжилт зөвхөн Монголд ч биш төв Азийн орнуудад ч хүнд байлаа. Казахстан, Киргизстанд ч энэ хаврын шар усны үер хүчтэй мэдрэгдсэн. Иймд бид дахин эрсдэлд орох шаардлагагүй. Хойтон жил дахиад зуд боллоо гэхэд малчид маань нэгдээд хоршоо байгуулчихсан түүнийг сөрж гарах чадвартай болчихсон байх ёстой.

Өмнө нь хоршооны тухай ярьж байсан ч энэ удаагийнх хоёр том ялгаатай. Энэ удаад газрын асуудлыг шийдсэн. Хоёрдугаарт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нь төсвөөс, ЖДҮ-ээс биш. Банк буюу мэргэжлийн байгууллагаар дамжин, зөрүүг нь төсвөөс шийдвэрлэх замаар хийнэ. Энэ нь зөвхөн хэдэн хоршоочин, малчны асуудлыг шийдсэн юм биш. Олон сая малтай ч зуданд нэрвэгдээд том эрсдэлээ даах чадваргүй нурах юм бол бид дотооддоо хүнсээ, махаа хангаж чадахгүй болох өндөр эрсдэлтэй. Иймд энэ бол үндэсний эдийн засгийн аюулгүй байдал гэж ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn