Монгол улсад стратегийн болон стратегийн бус олон ордууд байгаа. Энэ ордууд хэрхэн буруу замаар орж байгаа талаарх шуугиан тасрахгүй л байна. УИХ-аас 2007 онд баталсан стратегийн ордын жагсаалтад орсон ордуудын нууц аль хэдийн алдагдаад дуусчихсан гэж үзэж болох юм. Ордуудын стратегийн ач холбогдлыг тодорхойлсон жагсаалтад ашигт малтмалын тєрєл, нєєцийн хэмжээ, үнэлгээний тєвшин, агуулга, ашиглалтын технологи, уурхайн хүчин чадал, жилийн борлуулалт зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн гэдэг. Энэ нь ашиглаж буй ордуудад хамааралтай мэт харагдаж байгаа ч одоо ажиллаж байгаа зарим ордуудыг оруулаагvй учир дутагдалтай болсон тухай мэргэжлийн хүмүүс ярьсаар байдаг. Энд ашиглагдаж эхлээгүй байгаа олон ордыг оруулсан нь шалгаруулж авсан ордуудын технологи, ашиглалтын хүчин чадал болон бусад олон шалгуурыг огт авч үзээгүй нь тодорхой гэнэ. Үүнээс болоод стратегийн ордод ороогүй ч стратегийн гэдэх ордоос нь илүү нөөцтэй ордууд маань алдагдаад дууслаа. Сүүлийн хэд хоногт Саусгоби сэндсийн эзэмшлийн Овоот толгойн нүүрсний ордын тухай өдөр өнжилгүй бичигдсээр байна. Энэ асуудлыг болон бусад ордын талаар цухас боловч өгүүлэхээр энэ бичвэрийг тэрлэлээ.
Нүүрсний ордууд маань Монголынх уу, Хятадынх юм уу
Стратегийн жагсаалтад нүүрсний томоохон ордуудыг огт оруулалгүй авч үлдсэн нь сөхөхгүй байхын аргагүй асуудал болох тухай эхлээд ярих ёстой юм. Тухайлбал Өмнөговийн Овоот Толгойн нүүрсний орд, Ховдын Хөшөөтийн нүүрсний ордуудаас эхлээд дурдах нь зүй ёсны хэрэг. Үргэлжлүүлээд “Хүннү коал”-ын эзэмшиж байгаа нүүрсний ордуудын тухай асуудлыг хөндөх ёстой. Эдгээр ордууд манай стратегийн ордын жагсаалтад ороогүй боловч гадныхан олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс асар их мөнгө босгож аваад байдаг. Бид л хоосон хоцроод байдаг байж болох уу. Саяхан сайд асан Х.Баттулга гэхэд л өөрийн удирдаж байсан салбарын ажлыг урагшлуулахын төлөө ард түмэнд битгий хэл Засгийн газартаа мэдэгдэлгүйгээр Хятадуудад Монгол улсын хамгийн том үүц болох Тавантолгойгоос эзэмшүүлж, ашиглуулах нөхцлөөр гэрээ хийж байсан нь илэрлээ. Тэгвэл Оюутолгойг эзэмшиж буй хаанахынх болохыг нь тогтооход хэцүү “Айвенхо Майнз” гээч компаний эзэн Канад луйварчин Р.Фридланд гэгчийн нэгэн охин компани “Саусгоби энержи ресурс” гээчийнх нь эзэмшиж байгаа Овоот толгойн нүүрсний орд гэхэд зэргэлдээ орших Сүмбэрийн ордыг оруулаад Нарийн Сухайтын ордтой бараг адил хэмжээний баялагтай гэгддэг юм. Гэтэл бас л стратегийн ордод багтаагаагүй. Тэгвэл тун саяхан энэ ордыг эзэмшигч компаний 60 хувь нь Хятадын Чайналько хэмээх төрийн өмчит аварга компаний охин болох “Чалко” гэгчид шилжсэн тухай дэлхийн эдийн засаг, санхүүгийнхэн ид шуугиж байна. Ийм маягаар Монголын баялгаар гадныхан мөнгө босгож хагартлаа баяжсаар л. Тэгвэл Ховд аймгийн нутагт байх Хөшөөтийн нүүрсний уурхай ч нөөцийн хувьд стратегийн ордын жагсаалтад багтах хэмжээнийх. Гэвч жагсаалтад оруулалгүй авч үлдсэн У.Барсболд нарын нөхдүүд нь бас л Хятадуудад худалдаад нөгөөдүүл нь Хонгконгийн бирж дээр гаргаад гурван тэрбум ам.доллар босгон баяжаад л сууж байгаа тухай яригдсаар л байна. Тус ордыг стратегийн ордын жагсаалтад оруулахыг салбарын сайд болон Засгийн газраас шахаж шаардах хүн олон ч өдийг хүртэл ямар нэг хариу гараагүй л байна. Ийм маягаар тоочвол Монгол улсын газар доор баялаг харийнхны тэр дундаа Хятадуудын өмч бололтой юм.
Стратегийн ордод орсон Бороог дуусгасан Канадууд Гацууртыг бас л 5 жилд дуусгахаар шуудрав уу
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул нь хийгдээд нөөц нь тогтоогдчихсон, гадаад, дотоодын хувийн компаниуд олборлолт явуулж байгаа олон том ордыг энэ стратегийн ордын ангилалд оруулаагүй байгаа жишээг цааш үргэлжлүүлье. Ашигт малтмалын нєєцийн хэмжээний шалгуурыг авч үзэхэд л жагсаалтад багтсан зарим ордын хувьд сонин санагддаг тухай ярих хүн бий. Тухайлбал, алтны хувьд зєвхєн Тавт ба Нарантолгойн ордыг стратегийн ордын хоёрдугаар хавсралтад оруулжээ. Гэтэл Нарантолгойн орд нь 10 тн хүрэхгүй алтны нєєцтэй гэгддэг. Тэгвэл Нарантолгойгоос хэд дахин их алтны нєєцтэй Заамарын Тосон, Баянгол, Ар наймган, Туулын полигон, бас Олон овоот болон нєєц нь бэлэн Цагаан цахир, Бумбат, Гацуурт зэрэг 10 тонноос хэд дахин их нєєцтэй ордууд стратегийн ордын битгий хэл хоёрдугаар хавсралтын жагсаалтад ч ороогүй байдаг байна. Эдгээр алтны ордуудын нєєц 15 тонноос 100 тн хүрэх ажээ. Уг нь тогтоолд зааснаар бол Засгийн газар хоёрдугаар хавсралтанд орсон ордуудын нөөцийг тогтоон нэгдүгээр хавсралтад орсон ордуудын эгнээнд оруулах ажлыг үргэлжлүүлэн хийх ёстой. Санаатай, санамсаргүйн хооронд мартсаар байтал энэхүү орхигдсон томоохон ордууд гадна, дотнын шуналтай нөхдийн хармаа хотыг түнтийлгэсээр дуусах нь. Стратегийн орд хэмээх жагсаалтын нэгдүгээр хавсралтанд орсон ордуудын дунд алтныхаас ганц Бороогийн ордыг оруулсан ч тус ордыг ашигласан Канадын “Сентерра гоулд” компани нь Тогтвортой байдлын гэрээ хэмээх луйврын гэрээг манай “эх оронч” Засгийн газрын сайд түшмэдтэй байгуулан “социалист хөдөлмөрийн төлөө таван жилийн төлөвлөгөө”-нд багтаасан юм шиг байдлаар ашиглаад дууссан. Одоо энэ нөхдүүд хэдийн урт нэртэй гэгдэх хууль ёсоор лиценз нь цуцлагдах ёстой 100 тонн алтны нөөцтэй Гацуурт ордыг ашиглахаар улайрч байгаа. Энэ ордыг манай эрх мэдэлтнүүд стратегийн ордын жагсаалтад оруулалгүй авч үлдсэний учир энэ бололтой. Тэд нуруулдан уусгах хэмээх экологид хор холбогдолтой технологиор ахиад 10 хүрэхгүй жилийн дотор л Гацууртыг идээд дуусах биз. Алтнаас гадна бусад ашигт малтмалын ордуудын хувь заяа ч нэг иймэрхүү.
Төмөртэй Монголынх биш бас л Хятадынх
Тємрийн хүдрийн ордуудаас Тємєртэйг стратегийн ордын нэг гээд, Төмөртолгой, Баргилт гэсэн ордуудыг хоёрдугаар хавсралтад оруулаад 200 сая тн-оос их нєєцтэй нь нэгэнт тогтоогдсон Баянгол, Эрээн, Чандмань гэсэн ордуудыг авч үлдсэн нь гайхалтай хэрэг гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Сэлэнгэ аймгийн нутагт байх эдгээр ордын төмрийн хүдрийг манайхан Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт боловсруулж болох ч Хятадууд машинаар болон төмөр зам тавиад зөөгөөд дуусч байна. Эндээс Монгол улсын төсөвт хангалттай мөнгө ордоггүй нь бас тодорхой. Хэд хэдэн өндөр уулыг ачаад зөөчихөөд байхад тэнд үйл ажиллагаа явуулж Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани манай улсад төлсөн татвараараа эхний 50, 100-д огт үзэгддэггүй нь хачирхалтай хэрэг биш үү. Уг нь улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудын 51-ээс дээш хувь нь төрийн мэдэлд байх хуультай ч энд лав хууль гажуудсаар л байгаа. Гэхдээ энэхүү төмрийн хүдрийн ордуудын хувь заяа нь Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой тухай эрх мэдэл бүхий эх сурвалжууд ярьдаг юм билээ.
Цайрын Төмөртэйн ордын нөөц дуусах дөхжээ
Энд дурдах дараагийн ордууд бол цайрынх. Цайр, хар тугалганы Хөх-Адар, Улаан, Цавын ордууд хоёрдугаар хавсралтад оржээ. Сүхбаатар аймгийн нутагт орших Төмөртэйн цайрын орд л ганцаараа стратегийн ордод багтсан байдаг. Гэвч энд бас л Хятадын компани Тогтвортой байдлын гэрээний дор нуугдчихсан үйл ажиллагаа явуулж байдаг юм. Ямар ч ашигт малтмалын ордод голлох ашигт малтмалыг нь дагаад бусад ашигт малтмалууд бий. Гэтэл Тємєртэйн овооны цайрын ордод байгаа бусад ашигт малтмал болох кадми, мєнгє, молибден, соронзон гүр зэрэг ашигт малтмалын үнэ єртгийг огт тооцоогүй нь тус ордыг тогтвортой байдлын гэрээ нэрээр монгол улсад ашиггүй шахам ашиглуулж байгаа зарим нэг эрх мэдэлтнүүдийн хувийн эрх ашигтай холбогдох нь тодорхой хэмээн үздэг хүмүүс бий. Энэ орд соронзон гүрийн хүдрийн 11 сая тоннын нєєцтэй хэмээдэг. Гэсэн ч одоо тэрхүү нөөц бараг шавхагдах дөхөж байгаа тухай яригдаж эхлээд байна. Жагсаалтад мєнгє, цайр, хар тугалга бvхий Мухарын орд, алт-цайр-хар тугалганы том орд болох Дулаан хар уулыг оруулаагүй нь гайхалтай гэнэ. Энэ мэтээр үргэлжүүлбэл уур хүрээд сууж байж чадахаа больчихлоо. Ингээд түр дуусгая.