Энэ цагт намууд хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэж буй. Эрх баригч намын тухайд шалгуур тавихдаа хамгийн гол шүүхээр ял шийтгүүлсэн болон авлигын хэрэгт холбогдсон нөхдүүдээ нэр дэвшүүлэхгүй гэсэн.
Тэгвэл эрх баригч болон сөрөг хүчний намын гишүүдээс хэн хэн нэр дэвших эрх авч чадахгүй вэ?
Т.АЮУРСАЙХАН
УИХ-ын гишүүн бүр дэд дарга байснаа нүүрсний хулгайн хэргийг зохион байгуулж, бүлэг байгуулсан хэмээгдэн шүүхээс хорих ял сонссон Т.Аюурсайханд боломж байхгүй болсон. Т.Аюурсайханы хувьд Н.Багабандийг Ерөнхийлөгч байхад шадар туслахаар нь ажиллаж эхэлсэн. Улмаар намынхаа дунд шатны байгууллагуудад ажиллаж байгаад Чингэлтэй дүүргийн Засаг дарга болж, МАН-д шинэчлэл, хөгжлийн төлөө ТББ байгуулан тэмцэх болсон.
Т.Аюурсайхан 2016 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж гишүүн болсон. Улстөрд МАНАН гэх сүүдрийн бүлэглэл байгуулалцан удирдаж байсан гэгддэг М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгахын төлөөх “Шударга 5”-ын нэг болж тэмцсэн. Тэр эрчээрээ 2020 оны УИХ-ын сонгуульд дахин ялж, дэд даргынх нь суудалд суусан билээ. Т.Аюурсайхан ийн томрохын сацуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар найз Б.Ганхуягийг томилуулсан.Тэднийг нүүрсний хэргээр буруутган, Т.Аюурсайханы УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурор гаргаж 2023 оны 3 дугаар сард түдгэлзүүлсэн. Ингээд нүүрсний хэргээр эдүгээ ял сонсоод шоронд сууж байгаа.
Е.БААТАРБИЛЭГ
Архангайн Засаг дарга байгаад УИХ-ын гишүүн, Боловсролын сайд хийн дээгүүр жаалж явсан Ё.Баатарбилэгийг “алдарт” Т.Бадамжунайгийн ойрын хүн гэгддэг байсан. Хөгжлийн банкны хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс 6 жилийн хоригдох ял сонссон ч давж заалдах шатны шүүх уг ялыг хүчингүй болгоод буй. Ё.Баатарбилэгийн тухайд УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх хүсэлт өнөө маргаашгүй орж ирнэ гэсээр удлаа. Тэрээр УИХ-ын гишүүний ажлаа хийхгүй байгаа. Нэгэнт ял авсан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байсаар чуулганы бүрэн эрх дуусах бололтой.
Б.ЭНХ-АМГАЛАН
Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон Б.Энх-Амгалангийн тухайд Зам тээврийн сайдын алба хашиж байхдаа З.Энхболдын хамаарал бүхий компанид давуу байдал олгосон хэргээр шүүгдэж ял хүлээгээд буй. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Энх-Амгалангийн хэргийг 3-р сарын 13-нд шийдэхдээ нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Тэрбээр давж заалдахаа илэрхийлж, нэр дэвших эрхтэй гэж байгаа ч дахин нэр дэвших эрх үүсэхгүй нь ойлгомжтой.
Ж.МӨНХБАТ
Ж.Мөнхбат гэж УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын туслах байсан нөхөр байна. НАМЗХ-ноос угшилтай туслахуудын сонгодог төлөөлөл болсон Ж.Мөнхбатад хийж үзээгүй улстөрийн албан тушаал ховор. МАН-ынхаа нарийн бичгийн дарга, генсекийг хүртэл хийж явсан. УИХ-ын гишүүн, сайд ч явж үзсэн. Мөн л нүүрсний хэрэгт холбогдоод УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзэн шалгуулж байгаа. Гэвч хэргийг нь хэрхэн шалгаж байгаа нь тодорхойгүй болж, чимээ тасраад буй. Ж.Мөнхбатыг Архангайд ахин нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон.
Өмнөговийн засаг дарга байснаа УИХ-д орж ирсэн Н.Наранбаатар гэгч байна. Нүүрсний хэргээр УИХ-аас татагдахдаа тулмагц манай аймаг гишүүнгүй болох нь гэж гүйсээр үлдсэн гэдэг. Учир нь түүнтэй хамт Өмнөговиос УИХ-д сонгогдсон “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнийг бас түдгэлзүүлэн шалгаж байгаа билээ.
Мөн нүүрстэй холбоотой гэгдэн нэрийг нь түдгэлзүүлэхээр прокурор асуудал оруулж ирэх гэж байгаа гэгдсэн гишүүд МАН-д ч, АН-д ч байна. МАН-аас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, А.Адьяасүрэн нарыг дурдаж болно.
МАН-аас Ёс зүйн асуудлаар түдгэлзүүлсэн Ц.Анандбазарыг ч нэр дэвшүүлэхгүй нь тодорхой.