С.Зоригийн хөшөөний газрыг зарсан байна гэж хотын дарга Х.Нямбаатар сошиалаараа сүр дуулиантай мэдэгдэв.
Тэрээр “Зоригийн хөшөөг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь олон давхар цамхаг барихыг санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдэгээр “Зориг сан”-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ.
Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн цуст хэрэгт гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн яллаж, ахуйн гэмт хэрэг болсон мэт ойлголт өгөхийг одоо болтол хичээсээр байгаа нь ойлгомжтой болсоор байна. Монголыг хайрладаггүй нүгэлт хар гөрөөчний бүхэл бүтэн тролл арми байгааг өнөөдөр харлаа. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа. Бид “Зоригтой”-гоо үлдэнэ” хэмээжээ.
Төв шуудангийн урд байх нийслэлийн АН-ын байр нь 30 гаруй жилийн турш “Шинэ дэвшилтэт холбоо”-ны бүртгэл дээр байгаа нь ойлгомжтой. Учир нь 1990 онд МоАХ, араас нь “Социал демократ хөдөлгөөн”, “Шинэ дэвшилтэт холбоо” зэрэг ардчиллын үйл хэргийг дэмжих холбоо, хөдөлгөөнүүд байгуулагдсан. Тэдгээр хөдөлгөөнийг дэмжиж тухайн үеийн МАХН (одоогийн МАН)-ын шийдвэрээр улсаас байр өгчээ. Тэгэж С.Зоригийн хөшөөний урд байгаа АН-ын байр “Шинэ дэвшилтэт холбоо”-нд ирсэн гэсэн үг.
“Шинэ дэвшилтэт холбоо”-ноос МҮДН буюу “Монголын үндэсний дэвшил нам” байгуулагдсан түүхтэй. Тэдгээр нь Да.Ганболд, Р.Амаржаргал нарын улстөрчид. 2000 онд сонгуульд ялагдсан ардчиллынхан эвсэж, нэгдэж АН-ыг байгуулснаас хойш дээрх байранд нийслэлийн АН байрлаж үйл ажиллагаа явуулах болсон.
Мөн хэдэн жилийн өмнөөс тус байрыг буулгаж,суурин дээр нь олон давхар байшин барих төсөл яригдаж байсан. Бодвол С.Зоригийн хөшөөний газар “Шинэ дэвшилтэт холбоо”-ны газарт харьяалагддаг юм болов уу.Хэрэв олон давхар байшингаа бариулах гээд газар нь зарагдсан бол С.Зоригийн хөшөөний газар ч хамаатай болж таарлаа. Ер нь бол Улаанбаатарт хөшөөний газар байтугай зарагддаг хойно гайхаад байх явдалгүй л дээ.