-Х.Тэмүүжин, П.Сайнзориг нар соёл гэдэг үгийн утгыг ч мэддэггүй-
Улстөрчид сүүлийн үед соёл гэдэг үгийг хэрэглэх болжээ. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин авлигын тухай нэг яриандаа, Хотын дарга Х.Нямбаатар мөн соёл хэмээх үгийг ашиглажээ.
Гэхдээ тэд өнөөдөр үүссэн гажуудлыг “СОЁЛ” гэж нэрлэсэн нь тэд соёлын талаар ямар ч ойлголтгүйг харуулж байна.
Т.Тэмүүжин сошиалаараа авлигын тухай ярихдаа “Сонирхлын зөрчилтэй соёлоо өөрчлөхгүй бол авлига байсаар байна” гэжээ. Эрх мэдэлтнүүд сонирхлын зөрчилтэй буюу ах, дүү хамаатан садан, хүү, хүргэд, бизнесийн хамтрагчдаа төрийн өндөр албан тушаалд томилуулж, эсвэл төрөөс ашиг хүртэхийг сонирхлын зөрчил гэдэг.
Уг нь Сонирхлын зөрчлийн тухай хууль байгаа ч мөрдөгдөхгүй байгаа тухай тэрээр ярьжээ. Гэхдээ гол нь “СОЁЛ” гэдэг үгийг буруу хэрэглэв.
Соёлын тухай хамгийн түгээмэл тодорхойлолт бол:
Хүний байнгын, идэвхтэй, чөлөөт үйл ажиллагааны үр дүнд бий болж уламжлагдаж байдаг хэм хэмжээ, итгэл үнэмшил, бэлгэ тэмдэг, үнэт зүйлсийн цогц, хүний хөгжсөн түвшинг соёл гэнэ. Өөрөөр хэлбэл соёл нь хүний ололт амжилтын цогцол юм.
Гэтэл сонирхлын зөрчилтэй томилгоо хийж буй эрх мэдэлтнүүдэд ямар ч соёл алга. Харин ийм томилгоо хийж болохгүй гээд сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль баталсан нь өөрөө эрх зүйт төрийн соёл юм.
Дээрх тодорхойлолтоор бол хүний ололт, амжилт, дэвшлийг соёл гэнэ. Гэтэл өнөөдөр Монголын эрх мэдэлтнүүд ямар ч дэвшилгүй, харин ч ухарч буй нь тэд соёлгүй хэсэг болжээ гэсэн үг.
Хотын Засаг даргын орлогч П.Сайнзориг мөн л соёл хэмээх үгийг буруу хэрэглэжээ. Тэрээр хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл автобуснуудад смарт карт нэвтрүүлснээр автобусны орлого тасарч, мөнгө өгөхгүй зорчдог соёл бий болсон гэв.
Дэвшиж, хөгжсөн хүнийг л соёлтой хүн гэх юм бол автобусаар үнэгүй зорчдог ухамсаргүй хүмүүсийг соёлтой хүмүүс гэхгүй ээ. Харин автобусанд байнга болдог байсан кондуктор, зорчигч хоёрын хэрүүлийг зогсоосноороо смарт карт тавьсан нь өөрөө соёл юм. Энэ хоёрхон жишээнээс харахад л замбараагүй, соёлгүй болсоор байгаа нийгэмд соёл гэдэг үг хүртэл гажууджээ.Соёл гэдэг үгийнхээ утгыг мэддэггүй Х.Тэмүүжин, П.Сайнзориг нар соёлтой байж чадах уу? Эдний яриад байгаа асуудал бол соёл биш, гажуудал юм шүү дээ.