Өмгөөлөгч Г.Батбаяр амиа алдсан хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвбаатар “Энэ сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байршилтай Богд хаан амралтын газрын гаднаас амь хохирогч Б-ын унаж явсан улсын дугаартай машин олдсон.
Автомашинаас нь Б-ийн нэр дээрх бүртгэлтэй галт зэвсэг, галт зэвсгийн сум хонгио олдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Б нь галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг авсан болох нь тогтоогдсон. Харин гэрээслэл олдсон гэдэг нь ташаа мэдээлэл. Амь хохирогчийн явсан маршрут, уулзсан хүмүүс, үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” хэмээн мэдээллээ.