“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн нэг болох Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж өнөөдөр төслийн эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн нээлт болно.

Уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрээр Тавантолгойн ордыг түшиглэн жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд дунджаар 24 орчим сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, 197.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах бөгөөд улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр хэлбэрээр нийт 185.8 сая ам.долларыг төвлөрүүлэх ажээ.

Мөн төсөл хэрэгжсэнээр улс орны болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж 472-928 шууд ажлын байрыг шинээр бий болгож, жилд дунджаар 185.8 сая ам.долларыг улс, орон нутгийн төсөвт оруулж, улмаар ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглах, экспортыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг ихээхэн нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болно.

Төслийн нийт санхүүжилт 1 тэрбум ам.доллар бөгөөд одоогоор 800 орчим тэрбум ам.долларын санхүүжилт хийгээд байна. Нүүрс баяжуулах үйлдвэр нь ази номхон далайн бүсэд үйлдвэрлэл, технологиороо тэргүүлэгч брэндүүдийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд байгаль орчинд ээлтэй, үр ашигтай технологитой гэдгээрээ онцлогтой.

Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Норинко Дади” түншлэл “Дади Инженеринг Девелопмент Групп” компаниуд оролцож УУХҮЯ, Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн инженерүүд хяналт тавьж ажилласан байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn