Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийн материалуудыг нууцаас гаргалаа

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо эрүүдэн шүүсэн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг нууцаас гаргасан талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүж, зургаан жил орчим хорьсон асуудлаар Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Тэгвэл тэднийг эрүүдэн шүүсэн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах Засгийн газрын тогтоол өнөөдөр батлагджээ.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг  эрүүдэн шүүсэн гэм буруутай шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах нь хоёр иргэний эрх ашгийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэдэг санал дүгнэлтийг  ажлын хэсгээс Засгийн газарт оруулаад байжээ.

Дараахь тогтоолыг Засгийн газраас баталсан байна.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.5 дахь заалтын үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь:

Эрүүгийн … дугаартай Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоол, 123 хуудас.

Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны аравдугаар сарын 29-ний МН/58 дугаартай шүүхийн магадлал, 71 хуудас.

Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2021 оны гуравдугаар сарын 31-ний 179 дугаартай Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдааны тогтоол 56 хуудас, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас  гаргаж, ил болгосугай.

Тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой төрийн нууцад хамаарах шүүхийн шийдвэрийг ил болгох ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулахыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Тагнуулын Ерөнхий Газрын дарга П.Одонбаатар нарт даалгасугай гэсэн байна.

Тагнуулын Ерөнхий Газраас эрүүдэн шүүсэн гэм буруутай шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой гэсэн дүгнэлтийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Нууцаас гарсан эрүүдэн шүүсэн гэм буруутай гурван шатны шүүхийн шийдвэр Улсын Ерөнхий прокурорын газрын архивт хадгалагдах бөгөөд сонирхсон хэн боловч танилцах боломжтой ажээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn