Нурж буй институт, дүрэлзэж буй сошиал

 – “Politiko” сонины анхны дугаарын  нийтлэлийг толилуулж байна-

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, ”Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал  Ж.Энхжаргалан гэж залуу сошиалаар үе, үе шуугиулна. Саяхан түүн дээр (4-р сарын 30-нд ) энд тэнд дайран орж, үгийн муухай, үйлдлийн бүдүүлгээр онилсон байгаа намнаад, тэрийгээ фэйсбүүкт лайв бичлэгээр цацдаг Д.Мөнх-Эрдэнэ “зочилж”, ээлжит ширүүн шуугиан дэгдээлээ. Д.Мөнх-Эрдэнэ ч урьдын адил хамаг энергиэрээ дайрч, яг адилхан хариуг нийслэлийн төлөөлөгч маань үзүүллээ. Ингээд хоёул ёс зүйн зөрчлийн хувьд ижил зиндаанд очив.

Гэхдээ хүмүүсийн хандлагаас харвал Ж.Энхжаргаланг илүү буруутгав. Учир нь тэрээр бусдыг угаасаа дорд үздэг нэр зүүсэн төрийн байгууллагын дарга. Д. Мөнх-Эрдэнэ ч зорилгоо биелүүлж, хувийн компаниасаа хүмүүс авч ажиллуулсан гэдгийг нь хэлүүлж чадав. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-д ”Хувийн компаниасаа хоёр ажилтныг сонгон шалгаруулалтаар авсан” хэмээн Д.Энхжаргалан хэллээ. Хувийн компаниасаа хүмүүс ажилд авсан бол сонгон шалгаруулах боломжгүй нь мэдээж. Наад захын ийм мэдрэмжгүй, мэдлэггүй залуучууд төрөөр яагаад дүүрсэн тухай хойно өгүүлнэ. Харин тендэр авснаа хүлээсэнгүй. Маргааш нь тэрээр NTB-гийн сэтгүүлчтэй ярилцахдаа “Д.Мөнх-Эрдэнийг жирийн иргэн биш” гэв. Д.Мөнх-Эрдэнэ үнэхээр эгэл жирийн иргэн биш, сошиал шүүхээр хүмүүсийг оруулж, нэр төрд нь халддаг явдал нь ч хэрээс хэтэрсэн. Тэр иргэдийн улс төрийн оролцооны хэрэгцээ, үгээ хэлэх шаардлага, ард түмнээсээ тасарсан төрийн дарангуйллаас хамгаалагдах олон нийтийн хүсэл дээр тоглож буй чанга дуутай сошиалчин.

Гурван нам хамтраад Засгийн газрыг  байгуулсан юм чинь эв нэгдэл хангагдана гэж хүмүүс бодсон. Эрх баригч МАН-ын дарга нар ч тэгэж тооцоолсон байх. Гэвч үнэт зүйлгүй, төлөвшөөгүй, дээр нь улстөр-эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх ашиг нэмэгдчихээр жинхэнэ бантан болдог аж. Нэг байшинд, бүр нэг танхимд сууж буй эрх мэдэлтнүүд байнга муудалцана, биесээ гүтгэнэ, доромжилно, хардана, сэрдэнэ. Тэгэнгүүт Д.Мөнх-Эрдэнэ шиг лайвчдад захиалга өгөөд сошиалаар “алуулдаг” явдал ердийн дүрэм шиг болов.

Энд гол дүр болгон Д.Мөнх-Эрдэнийг авсан болохоос түүнтэй адил лайв бичлэгээр ичиж айхгүй бусдыг “байхгүй болгодог” хүмүүс улам бүр өсч үржсээр байна. Сошиалд хэдэн мянган хуурамч хаяг “үйлдвэрлэж”, лайк, шэйр, утга багатай сэтгэгдэл бичүүлдэг  улстөрчид ч олон болох шинжтэй. Наанаа эх орончийн дүр эсгээд цаагуураа хамгийн том эрх ашигтай хүмүүсээс санхүүждэг лайвчид, урд, хойд хөршөөс бас далайн цаанаас монголчуудыг хагалах гэсэн зохион байгуулалттай хаягууд гээд хэрсэн сүлжээ үүсчээ. Энэ бүхний дунд бидний хамтын үнэт зүйл улам бүр арчигдаж, алсарч, магадгүй дэлхий дээрх хамгийн эмх замбараагүй улс болж буй мэт санагдах болов.

Тэгвэл эмх замбарааг хаана тогтоон барих вэ? Нэгэнт байхгүй болчихсон бол яаж эргэж сэргээх вэ?

НАМ ЖИМ БОЛСОН НАМЫН ОРОН ЗАЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭ

Улстөрийн намууд сонгуулиар өрсөлдөж, хэн ялсан нь засгийн эрх барьдаг нь ардчилсан тогтолцооны суурь. Тэгвэл “нам засгийн эрх барьдаг” юм бол намууд яагаад өнөөдөр зөв, бурууг огт ярихаа больчихов? Нам зөвхөн сонгуульд ашигладаг хэрэглэгдэхүүн үү?  Дээгүүрээ нийлсэн байх тусмаа намууд амьд ажиллаж, өөрийнх нь өмнөөс засаглаж байгаад хяналт тавих ёстой баймаар. Гэвч   нам жим болсон намуудын орыг  Д.Мөнх-Эрдэнэ нарын лайвчид эзэлж, цорын ганц дуу  хоолой болж байна. Бас хяналт, шүүх ч болоод байх шиг.  Асуудал үүсвэл намынхаа төлөөллийн байгууллага, эсвэл намын гишүүдтэйгээ ярихын оронд сошиал троллууд, лайвчдад захиалга өгөөд л  шийдэх гэж муйхарлах болов?  Үүнийг  улстөрийн институцийн нуралт гэж үздэг.

Монгол Улс бол парламентын засаглалтай улс. Үе үеийн УИХ, Засгийн газар  үүний төлөө ч тууштай байдаг. Гэвч төлөөллийн ардчиллын баталгаа буюу тулгуур багана, иргэдийн оролцооны талбар байх ёстой  намуудаа зүгээр л эрх мэдэлд хүрэх шат гишгүүр болгон ашиглаж ирсэн.

Намууд юу хийдэг вэ гэвэл олон нийтийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангадаг гол институт. Улс орныг хөгжүүлэх бодлого гаргана, тэр бодлогыг хэрэгжүүлэхээр Засгийн газарт томилсон хүмүүстээ  хяналт, шаардлага тавина, болохгүй бол албан тушаалаас нь буулгах ажлыг гишүүдийнхээ дэмжлэгээр, дүрэм, журам үнэт зүйлийнхээ хэм хэмжээнд хийнэ.

Дэлхий даяар хөгжсөн улсууд ингэж л явж иржээ. Харин Венесуэл мэтийн зарим улсын төрийн эрхэнд  популистууд гарч, институцээ нурааснаар хямарч ядууран  автократ тогтолцоонд шилжсэн гашуун түүхтэй.

Ардчилсан тогтолцоо, системийн хариуцлагатай улс төрийг дэмжих зорилготой нэг сэдвээр дагнасан сонины эхний дугаар гарлаа.

Ардчилсан тогтолцоо, системийн хариуцлагатай улс төрийг дэмжих зорилготой нэг сэдвээр дагнасан сонины эхний дугаар гарлаа.

Өнгөрсөн сонгуулиар улстөрийн намуудын рейтинг түүхэн доод түвшиндээ хүрсэн бөгөөд МАН-ынх 20 хувь хүрэхгүй, АН-ынх 15 орчим хувьтай, бүх намуудынх нийлээд 30-40 хувьтай байсан нь түгшүүр төрүүлэм тоо байлаа. Засгийн эрх барьдаг гол байгууллагад хүмүүс итгэхээ болино гэдэг алсыг хардаг удирдагчдад уг нь нэг дохио өгөх учиртай ч албаар анзаарсангүй.  Намуудын нэр хүнд байнга унасаар ирсэн нь олон шалтгаантай. Сүүлийн жилүүдийн ганцхан жишээ дурдахад,  2018 онд одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмцэл хийж, М.Энхболдыг намын даргаас буулгасан. Түүнээс  хойш  тасралтгүй намынхаа  шинэчлэлийг  ярьж, шинэ залуусаар эгнээгээ сэлбэсэн ч энэ шинэчлэл олны таалалд нийцсэнгүй нь нэг юм хэлж байгаа биз. Энэ талаар дараа жич өгүүлнэ.

Ямар ч байсан улстөрийн намууд улстөрийн соёл, дүрэм, журам, ёс зүйн хэмжүүр тогтоодог улстөрийн гол институц.  Төр, ард түмэн хоёрыг холбон  амьд орших ёстой ардчилсан тогтолцооны шимт хөрс болохын хувьд үүргээ гүйцэтгэж, улстөрийг амьд хэрэгжүүлэх ёстой. Эс тэгвэл өнөөдөр Д.Мөнх-Эрдэнэ нарт  орон зайгаа алдсан шиг дараагийн удаа Уго Чавесархуу дарангуйлагчид засгийн эрх очих болно. Хэдий ядарсан ч монголчууд үүнийг хүсэхгүй.

Ж.ЭНХЖАРГАЛАН ШИГ ХҮМҮҮС ЯАГААД ОЛШРОВ?

Улстөрийн намын нэг чухал үүрэг бол улстөрийн хүний нөөцийг бэлтгэх. Энэ ажлаа системтэй хийхгүй байсан ч намын соёл нь зөв бол дотор нь орсон хүмүүс зөв, буруугийн мэдрэмжтэй болж төлөвшдөг. Тухайн нам дотоод ардчиллыг хөгжүүлэх эрмэлзэлтэй болсон үед салхи жинхэнээсээ сэвэлздэг. Ийм үеүд МАН, АН-ын  аль алинд байсан. Харамсалтай нь авлигажсаар, дотоод ардчилал нь хумигдсаар, цөөхөн хүн эрх мэдлийг өөрсөддөө төвлөрүүлснээр улстөрийн хүний нөөцийг бэлтгэдэг системээ ч нураасан. МАН-д жишээ нь, шинэ залуусаар намаа сэлбэх нэрээр ямар ч шалгуургүйгээр танил талаараа  нэр дэвшүүлж, төрийн албан тушаалуудад томилсон. Дагаад төрийн институц суларч, ард түмний итгэл улам бүр алсарч байна.

Ёс зүйн хэм хэмжээ, хууль, дүрмээр бол Ж.Энхжаргалан хэзээ ч хувийн компаниасаа өөрийн удирдаж буй төрийн байгууллагад ажилтан авч болохгүй.Үүнийг ойлгохгүй байна гэдэг түүнийг дэвшүүлж төлөөлөгч болгосон нийслэлийн МАН ажлаа хийхээ больсон гэсэн үг.

Д.Энхжаргалангийн харьяалагддаг нийслэлийн МАН-ын 100 жилийн ой саяхан болов.Бөх барилдуулж, шилдэг адуучин шалгаруулж, баярын хурал хийж өнгөрүүлэх шиг болсон. Сошиал технологийн ачаар хүмүүсийн үгээ хэлэх, эрх чөлөөтэй байх боломж улам бүр нэмэгдэж,улстөрийн намуудтай зэрэгцээ улстөр өрнөж байгаа цаг үе шүү дээ. Ийм үед нийслэлийн МАН хэрэв хариуцлагаа ухамсарласан бол улам хариуцлагатай, гадагшаа гэхээсээ дотогшоо ажиллаж байх сан. Шинэ гишүүдээ сургах,соёл, төлөвшил заах гэх мэтээр. Гэвч Д.Энхжаргалан юугаа ч ойлгоогүй яваагаас харвал энэ ажлаа үнэхээр мартжээ.

Эх сурвалж: “Politiko” сонин

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn