
Байгаль орчны Нобель гэгдэх Голдманы шагналыг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, 80 настай Лувсандашийн Батмөнх хүртжээ.
Тэрээр тэтгэвэртээ гарснаас хойш нутаг усаа хамгаалах үйлсийг манлайлж, инженерийн тооцоолох ухаанаа ашиглан нутгийн ард олонтойгоо хамжиж, сумынхаа 500 мянган га газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авчээ.
Тэрээр “Би Дорноговь аймгийн уул уурхайн гурван үйлдвэрт ажиллаж байгаль орчинд үзүүлж буй хор хохирлыг нүдээр үзэж, биеэр туулсан хүн. Иймдээ ч нутгийнхаа онгон дагшин байгаль, нүүдлийн мал аж ахуй, зэрлэг амьтан, түүхэн дурсгалт газруудыг байгаагаар нь хадгалахыг хүссэн. Ийм шагнал авна гэж харин бодсонгүй. Энэ үйлсэд хамтран зүтгэсэн нутгийн зон олондоо баярлалаа. Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авахаа зарласан анхны улс.
Хууль ёсны дагуу, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан хүсэлтийг минь төр хүлээн авч, дэмжиж ажилласан нь энэ амлалтдаа үнэнч байгааг илтгэнэ. Миний хүсэл бол уул уурхайг хариуцлагажуулж, байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг болгох юм” гэжээ.
Монгол Улсаас Голдманы шагналыг гурав дахь удаагаа хүртсэн нь энэ.
Байгаль орчны Голдманы шагнал нь дэлхийн байгаль орчны хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг бөгөөд “Байгаль орчны Нобелийн шагнал” гэж ч нэрлэгддэг. Америкийн бизнес эрхлэгч Ричард болон Рода Голдман нар 1990 онд уг шагналыг санаачилсан бөгөөд орчныг хамгаалахад онцгой хувь нэмэр оруулсан жирийн иргэд, идэвхтнүүдийн үйл ажиллагааг урамшуулсаар ирсэн. Шагналыг олгохдоо олон улсын хэмжээнд танигдаагүй, өөрийн нутаг дэвсгэрт ажиллаж, амжилт гаргасан шалгуурыг гол болгодог байна.
Эх сурвалж: The Nature Conservancy in Mongolia