Энэ удаагийн эрх мэдэл булааалдагч талуудын улс төр 2025 оны улсын төсөв болоод байна. Улстөр ч амилж, өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар батлуулсан Улсын төсөвт хориг тавилаа.
Хууль болон зарчмаараа бол Улсын төсөв нь Засгийн газрын гол бодлого юм. Өмнөх УИХ-ууд дээр жижиг, жижиг тойргоос сонгогдсон гишүүд Засгийн газраас өргөн барьсан төсвийг жалга, жалга руугаа чирсээр,улсын нэгдсэн бодлого алдагддаг байдлыг засах гэж оролдсон нь том тойрог, пропорциональ систем. Шинэчлэлийн үр дүнд 126 гишүүнтэй парламент бүрдэж, хамтарсан Засгийн газар байгуулагдаж, урьд өмнө байгаагүй хүчтэй Ерөнхий сайдтай эрх мэдлийн тогтолцоо ажиллаж байна.
Гэвч дангаараа эрх баригч байх ёстой МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчин байх ёстой хоёр намтайгаа хамтраад, үүрдийн хамтрагч “Женко” ахынхаа дэмжлэгийг аваад, аваад аргагүй хүч сульдаж байгаа нь нэгд, бүхнийг дангаар эзэмших гэсэн өөрөөс нь болсон. Хоёрт, залуугаараа тэтгэвэрт гарах хүсэлгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэл, шуналтай холбоотой нь улам тодорхой болж байна.
Эхлээд У.Хүрэлсүхийн улстөр улсын төсвөөр дамжин хэрхэн идэвхжиж байгаа тухай өгүүлье.
Д.ЭНХТҮВШИНГИЙН ШҮГЭЛ ЯАГААД…?
Улсын төсвийг УИХ дөрвөн хэлэлцүүлгээр хэлэлцдэг бөгөөд эхний нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг дээр УИХ хасах, танах бүх хэлэлцүүлгээ хийж, гурав дахь хэлэлцүүлгээс редакцийн засвар хийж, дөрөв дэхээр баталдаг. Үүнийг хэдий шинэ ч гэсэн гишүүд бүгдээрээ мэдэж байх учиртай.
Гэтэл УИХ-д МАН-ын жагсаалтаар орсон Д.Энхтүвшин төсвийн бүх асуудал цэгцэрсний хойно буюу 2-р хэлэлцүүлгийн дараа гэнэт шүгэл үлээж, данхар төсөв баталлаа, аж ахуйн нэгжүүдийг өөд нарын бараа харуулахгүй нь хэмээн орилоод гараад ирсэн. Түүхэнд байгаагүй их буюу 35.8 их наядын зардалтай, 1.9 их наядын алдагдалтай төсвийг эсэргүүцэж буй учир тэрээр олон нийтийн дэмжлэгийг авч, араасаа УИХ-ын гишүүдийг ч дагуулсан.Гол нь яагаад 2-р хэлэлцүүлгийн үед шүгэлээ үлээгээгүй, УИХ дээр бүх асуудал өрнөсөн хойно үлээв? Гэдэг асуултын хариуг хэлж өгье.
Юуны өмнө тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн захиалгаар улстөр хийсэн болж таарав. Бүх зүйл сценарын дагуу өрнөж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төсөвт хориг тавьж, “Ардын баатар” болоод байна. Ард түмнийхээ өмнө ардын баатар болох нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг мэдээж өсгөнө.
Харин цаагуураа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дарамтлах, тохироо хийх, улмаар Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулж, 2027 онд дахин нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжийг хайж буй тэрээр Улсын төсвийг улстөр болгож захиалсан хэрэг. Ерөнхийлөгчийн санааг гүйцэлдүүлэгчийн гол дүрд шинэхэн гишүүн Д.Энхтүвшин, гурвантаа сонгогдсон ч сайдын суудалд сууж чадаагүйдээ бухимдан яваа Г.Тэмүүлэн нарын гишүүд тоглов.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин саяхныг болтол MSC-ийн дэд Ерөнхийлөгч байсан нэгэн бөгөөд “Голомт”-ын охин компани “Бодь групп” төрөөс саах мөнгө рүү хүч түрэн орж ирсэн тул цаанаас нь бодлогоор улстөрд оруулсан гэх яриа үнэний ортой. Улсын төсвөөр хийгдэх маш олон ажлыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар “Бодь групп”-ээр өрсөлдөгчгүй хийлгэх болсонд MCS-ийн зүгээс бухимдах нь аргагүй.
Өмнө нь MCS зуун шугам татахад 90-ийг нь гүйцэтгэж байсан гэдэг бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Гурван үсэгтэй компанийн гар, хөл болсон хүмүүс аятайхан байгаарай” хэмээн хэд хэдэн удаа хэлж байсан удаатай. Одоо тэрээр Гурван үсэгтийн оронд Дөрвөн үсэгт “Бодь”-той шадарлах болсон билээ. Тэгэхээр “Бодь” Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг, MCS Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг балиашиглаж байгаа ч гэж хэлж болох юм.
Нөгөө талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төсвөөр улстөр хийх үедээ “Би МАН-ын гишүүн биш, айгаад байх юм алга” хэмээн хэлсэн нь өөрийг нь жагсаалтаар оруулсан намыг муухай харагдуулах, улмаар парламентыг муухай харагдуулах санаархал байж магадгүйг Засгийн газрын Тэргүүн Шадар сайд Т.Доржханд НТВ телевизийн ярилцлагад орох үедээ хэлжээ.
Т.Доржханд мөн ярилцлагынхаа үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн “Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр томилох заалтыг Цэцэд өгсөн байна лээ” хэмээгээд “Хэрэв тийм асуудал Үндсэн хуулийн цэц дээр очвол жагсаал хийнэ” гэжээ. Тэрээр одоогийн Ерөнхийлөгчийг хэлж чадахгүй, Х.Баттулгын нэрээр үгээ дайж буй бололтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаагаар нэг удаа сонгох Үндсэн хуулийн заалт 2019 онд батлагдаж, 2021 онд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тухайн үедээ тэрээр Ерөнхийлөгч болох нь чухал, гараас нь хөтөлж дарга болсон нутгийн дүү Л.Оюун-Эрдэнэ нар ч ахыгаа дэвшүүлэн зайлуулах нь чухал байсан учраас хүслүүдээ нэгтгэснээр Ерөнхийлөгчийн суудалд амжилттай суусан. Гэхдээ цагийн аяс өөрчлөгдөж, бүрэн эрхийн хугацааны талдаа орсон У.Хүрэлсүхэд юм, юм бодогдож буйн нэг нь 2027 онд дахин дэвших эрхээ олж авах юм. Ийм учраас түүнд улстөр хийх боломж нь Улсын төсөв болж таарав.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн бичсэнээр бол, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих Ерөнхий сайдыг хайж байгаа гэнэ. Энэ нь Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг санаархаж буй гэсэн үг юм.
WWW.GEREG.MN САЙТЫН ТОЙМЧ