“Эрдэнэс Тавантолгой” ХК бусад төрийн өмчит компаниудад 2.7 их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүнийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг буруушааж, “Ийм ашиг сонирхлын зөрчилтэй зээлүүд олгогдох ёсгүй. Баялгийн санд хуримлагдаж, иргэдэд ногдол ашгаар очиж, эсвэл иргэдийн орон сууц, эрүүл мэнд, боловсролын санд олгогдох ёстой мөнгө” гээд хэний шийдвэрээр олгогдож, хэзээ буцааж төлөгдөхийг асуулаа.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Наранцогт “Тавантолгой түлш”, компани, төмөр замын бүтээн байгуулалт, хийн хоолойн санхүүжилт гэсэн том төслүүдийн санхүүжилтийг хийж байгаа. Эдгээр санхүүжилт зээлээр бүртгэгдээд явж байгаа. Тийм учраас үүссэн өр төлбөрийг төрийн ногдол ашигт суутган тооцох тухай УИХ-ын 10-р тогтоолыг гаргуулсан” гэв.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хэлснээр зөвхөн том төслүүд биш, Багануур зэрэг маш олон төрийн өмчит компанид зээл олгожээ. Тиймээс тэрээр “Эрдэнэс Тавантолгой”-н мөнгө улстөрчдийн мөнгө биш, ард түмний өмч гэдгийг сануулав.
Эндээс харвал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх мэдэлтнүүд хэнээс ч асуухгүйгээр, дураараа баахан зээл өгчихсөн. Тэр их хэмжээний зээлийг ямар үндэслэлээр өгсөн нь тодорхойгүй, зээл авсан төрийн өмчит компаниуд юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа аж. Гэхдээ тэр их мөнгийг төрийн өмчийн ногдол ашигт суутган, зээл өгсөн ба авсан нь хариуцлага хүлээхгүй, эзэнгүйдүүлэхээр зэхэж байна.