Хүүхэд хамгааллын асуудлаар ХЭҮК-оос мэдээлэл хийх үеэр ХЭҮК-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “ХЭҮК хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалахыг тэргүүлэх чиглэлээ болгож ажилладаг. Удахгүй Үндэсний их баяр наадмын үеэр унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудал яригдана.
Хууль тогтоомжийг мөрдөж, хүүхдийг хамгаалах хувцас хэрэгслийг хангаж, хурдан морь унуулах талаарх 11 зөвлөмжийг аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн. Үндэсний их баяр наадмын үеэр ХЭҮК Хүй долоон худагт хяналт тавьж ажиллана. Мөн аймгуудын баяр наадмаар хяналт тавьж ажиллана.
Арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглодог. Гэвч 2024 он гарсаар хориглосон хугацаанд буюу тавдугаар сарын 1 хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Сүхбаатар аймгийн Онгон, Дорноговь аймгийн Хатанбулаг, Дорнод аймгийн Баянтүмэн суманд хурдан морины уралдаан зохион байгуулсан.
Энэ уралдаануудаар хүүхэд амь насаа алдаагүй ч хүүхдийн эрх ашгийг хангаж чадаагүй. УИХ, Засгийн газрын тогтоолыг дагаж мөрдөх ёстой. Аймгийн Засаг дар хяналт тавих ёстой. Сумдын Засаг дарга нарт хариуцлага тооцсон. Хүүхдийн дээд эрх ашгийг хангах ажлын хүрээнд Комиссын гишүүний шаардлагыг биелүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах арга хэмжээг шат дараатай авна.
2024 он гарсаар долоон хүүхэд мориноос унаж нас барсан. Дөрөв нь хурдан морь, гурав нь ахуйн хүрээнд морь унаж байгаад унаж, нас барсан байна.
Түүнчлэн авто тээврийн осол аваараас сэргийлж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж зорчуулахыг зөвлөж байна. Хүүхдэд хамгаалалтын бүс хэрэглэж, зориулалтын суудал ашиглаарай.
Гэр сууцандаа бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна. Үүнээс гадна цахилгаан дугуй, скүүтер унах хүүхдүүдэд хамгаалалтын хэрэгсэл, зөвшөөрөл олгодог байхыг анхаарах шаардлагатай байна.
Зам тээврийн ослын улмаас 26, гол, усанд живж амь насаа алдсан 11 харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарах шаардлагатай байна” гэлээ.