Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр мөн ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орохыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Зургадугаар сарын 18-24-нийг хүртэл баруун аймгуудын нутгаар болон ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.
Харин 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх аж.
18, 19-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 20-нд баруун болон говийн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн зарим газраар, 22, 23-нд говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 13-15 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Мөн 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр агаарын температур халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +33…+38 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +26…+31 градус дулаан байна. 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр сэрүүсэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Иймд орон нутгийн замд гарахдаа цаг агаарын мэдээтэй тогтмол танилцаж, болзошгүй эрсдэлээс сэргийлж баталгаат замаар зорчих, бага насны хүүхдийг малд ганцаар явуулахгүй байхыг зөвлөж байна.