М.Бадарчийн Улсын арслан цолыг хураалаа. Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаанд М.Бадарч түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.
Гэвч допингийн шинжилгээгээр түүнээс хориотой бодис илэрснээр барилдах эрхээ 4 жилээр хасуулсан юм. Тэрбээр, дээрх шинжилгээний хариу болон эрх хасах шийдвэрийг эсэргүүцэж, холбогдох байгууллагуудад гомдол гаргасан боловч Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзсэн.
Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Улсын баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан нэгэнт хариу эцэслэгдсэн тул түүний цолыг удахгүй хураана хэмээн мэдэгдэж байв.
Түүнтэй 9-ийн даваанд үзүүр, түрүү булаалдан барилдсан Улсын гарьд Ц.Бямба-Отгон Улсын арслан болно. Мөн тавын даваанд өвдөг шороодсон Аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин, зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Э.Даш улсын харцага, долоогийн даваанд дунд шөвөгт өвдөг шороодсон аймгийн арслан С.Сүхбат улсын заан, наймын даваанд их шөвөгт өвдөг шороодсон улсын аварга О.Хангай чимэг нэмэх юм.