Гал зогсоох саналын талаар ХАМАС-ын хариуг Израиль хүлээн авсан. Дэвшүүлсэн саналд ХАМАС их өөрчлөлт хийсэн байна. Энэ нь сөрөг хариу болж байна гэж мэдээллийн эх сурвалж хэлжээ.
Катарын ГХЯ өчигдөр орой мэдэгдэл гаргасан байна. Тэд, гал зогсоох саналын талаарх ХАМАС-ын хариуг Катар, Египет хүлээн авлаа. Хоёр улс Америктай хамтран зуучилж байгаа бөгөөд гурван улс дараагийн алхмуудыг холбогдох талуудтай ярилцах болно гэжээ. Мэдэгдэлд ХАМАС-ын хариуны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
ХАМАС болон Палестины Исламын Жихад байгууллага мөн өдрийн үүрээр хамтарсан мэдэгдэл хийж, зуучлагч тал Катар, Египетэд гал зогсоох тухай саналын хариуг хүргүүлсэн байна. Саналын хариундаа Палестины ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, Газын зурваст явуулж буй түрэмгийллээ Израиль бүрмөсөн зогсоож, цэргээ гаргах ёстой гэжээ.
Палестиний төлөөлөгчид үндэсний үүрэг хариуцлагаа ухамсарлаж тохиролцоонд хүрэхийн тулд идэвхтэй хариу арга хэмжээ авахад бэлэн байна гэжээ.